ДЭГЭН ЖИГЭНИЙ ХАВЦАЛ

Домгоор бол, эрт цагт энэ нутагт Дэгэн гэдэг ноён Жигэн хэмээх үзэсгэлэнт хатантайгаа амьдардаг байжээ. Нэгэн удаа Дэгэн ноёных Онон голын хавцлаар олон тэмээн хөсөгтэй нүүдэл хийж яваад гэнэт хавцал руу хөл алдан Онон голын усанд унажээ. Дэгэн ноён, Жигэн хатан хоёр хавцал руу унаж байхдаа "Дэгэн ээ... Жигэн ээ..." гэж бие биенээ дуудсаар байжээ. Түүнээс хойш Онон голын энэ сүрлэг хавцлыг Дэгэн Жигэний хавцал гэж нэрлэжээ.

Өөр нэгэн домогт, Дэгэн ноён ан хийж яваад морьтойгоо хавцлаас унаж нас баржээ. Үүнийг мэдсэн Жигэн хатан сэтгэл санаагаар унаж бүр алт мөнгөө ачаад баруун талын хавцлаас унаж амиа хорложээ. Ноёны унасан хавцлыг Дэгэн, хатны унасан хавцлыг Жигэн гэж нэрлэжээ.

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон-Балж БЦГ, Дэгэн хавцал уулын эгц босоо хадан хясаанд Онон гол хашигдаж тойрон урсахдаа байгалийн онцгой нэгэн үзэмжийг бүтээсэн байдаг. Онон голын хад чулуунд цохигдон урсах шуугиан, ой модны навчсын сэрчигнэн хийсэх чимээтэй холилдон байгалийн сүрлэг аялгууг үүсгэдэг. МНТ-ны 129-р зүйлд ... Чингис, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн хавцалд шургаж оров... гэдэг. Тэрхүү Зээрэн хавцал гэдэг нь энэ Дэгэн Жигэний хавцал мөн хэмээн судлаачид үзжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0