ЗАЛБИРАЛ ХӨШӨӨ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвийн “Хүндэтгэлийн өргөө”-ний гол хаалганы зүүн гар талд “Залбирал” хэмээх хүрэл хөшөө байх ба хэлмэгдлийн он жилүүдэд тус сумаас баривчлагдсан, хилсээр шийтгүүлсэн 229 хүн, түүний дотор цаазаар хороогдсон 90 хүний дурсгалыг энд хүрэлцэн ирсэн хэн бүхэн хүндэтгэн ёсолдог байна.

Залбирал хөшөө нь 3 метр өндөр, 1 метр өргөн бөгөөд өршөөл эрэн залбирч буй хоёр гар бүхий дүрстэй. Энэ насны болоод урьдын олон төрөлд үйлдсэн нүгэл хилэнцүүдийг ариусган нигүүлсэх болтугай хэмээх утгыг илэрхийлдэг. Алганы завсраас боржин чулуугаар урлаж цагаан цэнхэр өнгөөр будсан бадамлянхуа цэцгийг цухуйлгаж, хөшөөний өмнө голоороо хагарсан гантиг цагаан чулууг эвээр нийлүүлэн тавьсан байдаг.  

Хөшөөнд Дорнод аймгийн Баян-Уул сумаас улс төрийн хэрэгт хэлмэгдэж, 1939 – 1991 оны хооронд цагаатгагдсан 229 хүний нэрийг зэвэрдэггүй ган ялтсан дээр бичиж мөнхжүүлсэн. Хэлмэгдэгсдийн хамгийн залуу нь 22 настай, хамгийн ахмад нь 77 настай байжээ. Тус сумаас хэлмэгдэж цагаатгагдсан эдгээр хүмүүсээс гадна 100 гаруй хүмүүсийн удам нь тасарч хөөцөлдөх хүнгүйгээс шалтгаалан цагаатгагдаж чадаагүй үлдсэн байдаг байна. Хөшөөний доод буланад

“... Тэртээ он жилүүдэд

Шүүдрийн өнгө улаан байлаа

Шүүхийн шийдвэр буун дуутай байсан юм

Хүний амь бууны гохон дээр байсан

Хүмүүний амьдрал айдас хүйдэс

Хагацал гунигийн нулимсаар дүүрэн байлаа ...” хэмээн бичжээ.  

Тус хөшөөг Баян-Уул сумын Уртын адаг багийн малчин гаралтай Жамсран санаачлан өөрийн гараар бүтээжээ. Жамсран ЗХУ-д хүнсний инженер мэргэжил эзэмшиж, 1967 оноос АПУ компанид ажиллаж, үйлдвэртээ гар ажиллагааг хөнгөвчлөх 30 гаруй техник үйлдвэрлэлийн санааг дэвшүүлэн хэрэгжүүлж байжээ. Түүний бүтээлч үйл ажиллагааг үнэлэн “шилдэг зохион бүтээгч, шинийг санаачлагч” медалиар шагнасан байна. 1994 онд гавъяаны амралтандаа сууж энэхүү Залбирал хөшөөг бүтээх ажилд шамджээ.  Жамсрангийн өвөө нь болох М.Агваан хэмээх маарамба лам хэлмэгдэж байсан түүхтэй. Хөшөөг бүтээхэд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд болох 10 орчим хүний дэм тус, өөрийн 10 сая төгрөгийг зарцуулжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0