ОРОГ НУУР

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Их богдын ар хормойд орших тектоник гаралтай шорвог нуур. Нуурын усны хэмжээ тогтворгүй, түүнд цутгадаг Түйн голын уснаас ихээхэн хамааралтай, зарим жил хатах нь бий. Зүүн хойд талаас Түйн гол цутгахдаа томхон садраа адаг үүсгэж намагжина. Их Богд уулын хормой алгуур намсаж тэгшивтэр гадарга үүсгэж уулын хормойгоос олон арван булаг ундарч орчныг намагжуулдаг. Нуурын баруун хойд талаар элсэн тарамцаг эмжиж бас эртний нуурын татралтын далан зээгэлсэн тогтоцтой. Нуураас зүүн тийш 1 км орчмоос заган шугуй үргэлжилдэг. 11 дүгээр сараас 4 дүгээр сард хөлддөг. Энд хамгийн их тулгарч байгаа бэрхшээл бол нуурын ус ширгэж, хатаж байгаа явдал юм. Нуур хатсанаас болж энд байсан усны жижиг амьтад бүгд алга болсон ба эрэг дагуу байсан зэгс шагшуурга, зүлэг хатаж, үлдсэн цөөн хэдэн булгийн ойролцоох ногоон хэсэгт эндхийн бүх айл, мал шавааралдан нутаглаж эндэхийн ургамал, хөрсийг маш их талхагдалд оруулж байна. Орог нуур нь Нууруудын хөндийн Рамсарын газарт ордог.

Энд олон улсын болон Монголын хэмжээнд ховорт тооцогдох шувуудаас борцгор хотон, хошуу галуу, зээрд шонхор, реликт цахлай таарна. Энд газарзүйн популяцийн 1% давсан тоотойгоор отгот шунгуур, борцгор хотон, хондон ангир, хүрэнтолгойт цахлай зэрэг шувууд нүүдлийн үеэрээ дайран өнгөрнө. Нуурын хөвөө эрэг орчмоор Монголд ховордож буй шар зээргэнэ, чихэр өвс ургана.

Эх сурвалж: ШУА, Улаан ном

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0