1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БӨӨНЦАГААН НУУР

Баянхонгор аймгийн Баацагаан сумын хажууд орших Бөөнцагаан нуур нь Нууруудын хөндий дэх хамгийн том нуур юм. Нуурт Байдраг гол цутгана. 12-р сараас 4 сарын эцэс хүртэл хөлддөг. Нуурын урд хэсэг заган төгөл, түүний өмнө Говь- Алтайн нурууны уулс, нуурын хойт талаар Шалын хоолой зэрэг говирхог өргөн хөндий үргэлжилнэ. Нуурын зүүн талын зэгс, өндөр өвс арвинтай нууранд шувууд элбэг бөгөөд олноор үүрлэж өндөглөнө. Энэхүү нуур ба том нуур хоёрын хооронд нарийн хойг бий. Нуурын орчин тойрны нутгийг малын бэлчээрээс өөр зүйлд ашигладаггүй. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Дээхнэ үед амралт сувиллын зорилгоор ашиглаж байсан боловч ажиллагаа нь хэдийнэ зогссон. Зохицуулагагүй бэлчээр ашиглалт, эмх замбараагүй аялагчид орчныг хог хаягдлаар бохирдуулж буй. Мөн ган хуурайшилтын нөлөөгөөр усны төвшин эрс багасаж байгаа. Бөөнцагаан нуур нь Нууруудын хөндийн Рамсарын газарт ордог.

Олон улсын улаан номонд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөгбүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэнэ. Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг энд харж болно. Монголын улаан дансанд орсон цагаан зээр, хар сүүлтий таарна. Загаснаас нохой сугас, давжаа сугас бий. Нуурын хөвөө, Байдраг голын адгаар шар зээргэнэ, чихэр өвсний өтгөн шигэнгэтэй ба сүүлийн жилүүдэд эмх замбараагүй түүж олзворлосны улмаас эрс ховордож байна.

Эх сурвалж: ШУА, Улаан ном

ТОО
0
0
0