НАЙРАМДАЛ ПАРК

1970-аад онд Монгол – Зөвлөлтийн ах дүүгийн найрамдалт харилцааны бэлгэдэл болон суурь нь тавигдаж байсан Найрамдал парк”-ийг дорнодчууд орчин үеийн шинэ төлөвлөлттэйгөөр сэргээн байгуулж Чойбалсан хотын хүүхэд залуучууд, ард иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болгон цэцэглүүлж байна. Нийтдээ 36.9 га талбайд соёл амралт, түүх, экологи, аялал жуулчлалын чиглэлээр явган зам, гүүр, талбай, хөшөө дурсгал, саравч сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, бүжгийн талбай, ахмадуудын талбай зэргийг тохижуулан засаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын зам талбай, нарны эрчим хүчний үүсгүүр бүхий байнгын эко гэрэлтүүлэг, 1293 м.кв талбай бүхий авто машины зогсоол зэргийг бүтээн байгуулж байна.

Тус паркад 12 жилийн амьтны хөшөөг бүтээн байрлуулснаас гадна Дорнод нутгаас төрсөн авъяаслаг уран бүтээлчид болох БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай морин хуурч Г.Жамъян, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач П.Мэлс нарын хөшөө дурсгалыг хойч үедээ таниулан үлдээх зорилгоор байгуулжээ. П.Мэлс нь “Найрамдал парк” –ийн эх зураг төслийг зохиож байсан ийнхүү биеллээ олж томоохон бүтээн байгуулалт болж байна.

Цаашид Чойбалсан хотын төвд байх энэхүү Найрамдал паркийн төв хаалгаар дамжин Хэрлэн голын эрэг хүртэл тохижилт хийгдэх юм. Паркийн явган хүний зам 412 метр урт, 12 метр өргөнөөр байгуулагдсан бөгөөд үүний 2 метр нь дугуйтай салхилж зугаалагсдад зориулагдсан. Замын дунд хэсэгт далан дээгүүр мөн 12 метр өргөн гүүрийг барьж байгуулсан нь паркийн бас нэгэн том бүтээн байгуулалт болно. Чойбалсан хотын Найрамдал парк нь иж бүрэн төлөвлөлттэй томоохон бүтээн байгуулалт болж байгаа нь онцлог юм. Монгол улсад хоёрдугаарт орох том талбай бүхий эко хүрээлэн Чойбалсан хотын төвд байгуулагдсаар байна.

Тэмдэглэсэн Ч.Буянбадрах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0