БНМАУ-ын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн Улаан
армийн ангиуд 1936 оноос эхлэн байрлаж, улмаар бэхжиж байсан нэг түүхэн гэрч
газар бол “Талын хөндлөнгийн аэродром” юм. Сөнөөгч ба бөмбөгдөгч онгоцны сургуулилтын
талбайтай, 1 метр хүртэл зузаан хана бүхий том жижиг 30 орчим чулуун барилгатай,
зүүн талаасаа гэнэтийн довтолгооны бэхлэлт сайтай, 300-500 хүний бүрэлдэхүүнтэй
бие даасан батальон байрлаж байв. Мөн газар доогуур төмөр бетон нуувч бүхий
чулуун байгууламжинд тус бүр 24 зенит их буутай 2 девизион байрлаж байсан гэдэг.
Эдгээр хүчин чадлаас харахад Талын хөндлөн нь тухайн үеийн хамгийн том, дайны
стратегийн чухал объект байсан бөгөөд эдүгээ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын
нутагт анх байгуулагдсан газраа түүх болон үлджээ.
Халхголын дайн эхлэхэд Зөвлөлтийн Улаан
армийн Нисэх хүчний СБ загварын 59 бөмбөгдөгч онгоц, тухайн үед дэлхийн хамгийн
том бөмбөгдөгч ТБ-3 загварын 24 ширхэг онгоц тус тус байрлаж байв. ТБ-3
онгоцнууд эхлээд Чита-Тамсагбулаг чиглэлд ажиллах хүч, зэвсэг, галт хэрэгсэл,
эм тариа, бусад ачааг тээвэрлэж, буцахдаа онгоц тус бүр 15-20 хүнд, хөнгөн шархадсан
цэрэг, офицеруудыг тээвэрлэж байжээ. ТБ-3 онгоцны далавч нь 40 м хүртэл урт,
сэнс нь 3.5 м диаметртэй. 1932 – 1938 онд 818 ширхэг үйлдвэрлэгдсэн байдаг.
Халхголын дайны үеэр ТБ-3 онгоцнууд 160
гаруй удаа нислэг үйлдэхдээ ихэвчлэн шөнийн цагаар нисэж Японы талд сэтгэл
санааны дарамт үүсгэх, унтуулж амраахгүй ядраах, манай цэргийн байршил сэлгэлт,
хөдөлгөөнийг халхалж анхаарал татах үүрэг гүйцэтгэж байв. Нэг удаад 6-20 онгоц
хөөрч 25тн бөмбөг хаяж дайсанд эд материалын болон сэтгэл санааны хохирол
учруулдаг байсан. Дайсанд шөнийн сөнөөгч онгоц болон прожектор гэрэл байгаагүй
тул ТБ-3 онгоцонд хохирол учруулж чадахгүй байсан гэдэг.
7 сарын 3-ны үүрээр хийсэн агаарын
довтолгоо, түүнээс 3 өдөр дараалан хийсэн агаарын тулалдааны ачаар Японы нисэх
хүчний агаарт тогтоосон ноёрхлыг унагаж чадсан. Тухайн үед Японы онгоцнууд
агаараас харагдсан нэг хүн байсан ч хөөж бууддаг байсан гэдэг. Дараа нь 8 сарын
20-ноос ерөнхий довтолгоог эхлүүлж, 150 байлдааны онгоц, 100 сөнөөгч онгоцыг
агаарт гаргахад Японы талын онгоцтой нийлээд Дэлхийн II дайны түүхэнд ч тэнгэрт
гарч байгаагүй их онгоц агаарын тулалдаанд зэрэг оролцсон гэдэг. Тус агаарын
нисэх хүчний хороон дарга М.Ф.Бурмистров тусгай даалгавар авч Японы бөөгнөрсөн
цувааг устгахаар яваад эргэж ирээгүй юм. Тэрбээр 22 удаагийн агаарын довтолгоог
удирдсан бөгөөд түүнийг ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ.
Жич: Халхголын ялалтын 80 жилийн ой 2019
оны 8 сарын 25-нд тохионо. Халхголыг зорих түүхэн аяллын маршрутыг Баян-Овоо
сумаар дайруулж төлөвлөхөд асуудалгүй бөгөөд тус суманд Тосон Хулстай, Хар
Ямаат, Гүрэмийн нуур, С.Гомбожав агсаны хүй цөглөсөн газар гээд үзэж харах
байгаль түүхийн дурсгалт газрууд бий.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах