Тавцан
дээр 2 орц байрлах ба андын тангараг тавихаар зорьж ирэгсэд шатаар өгсөж, чонын
толгой хэсэгт байрлах тэнгэр рүү харах нээлхийгээр гарч тангараг уншиж ёслол
үйлдэх ёстой гэнэ. Харин доод давхарт нь анд бологсдын дагалдан яваа хүмүүс
хүлээж байх ба анд бологсдыг бууж ирсний дараа ган тулганд гал асаан тахилга
үйлдэх аж. Энэхүү төсөөлж буй үйл явдал ба цогцолбор нь аялал жуулчлалын
зориулалтаас илүү эдүгээ цагт хэрэгтэй чухал бүтээн байгуулалт хэмээн үзэж байна.
УИХ-ын
гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж буй “Андлалын өргөө” цогцолбор нь Чингис
хааны үнэнч анд, есөн өрлөгийн нэг хүлэг Боорчийн өлгий нутаг болох Батноров суманд Эхэнбүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт босно. 2018
оны 6-р сард шав тавьж, барилгын суурийн ажлыг 7 сараас эхлүүлжээ. Өргөөг
байгуулах төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэний 2 тэрбумыг нь улсын төсвөөс
гаргаж, үлдсэн 3 тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлэх аж.
“Андлалын өргөө” цогцолбор 2019 онд ашиглалтанд орно.
Эцэг
Есүхэй баатар Татаар аймагт хорлогдсоны дараа эх Өүлэн, дүү нарын хамтаар өнчин
амьдралын зовлонг амсаж эрийн цээнд хүрсэн бөгөөд алдсан найман шарга морио эрж
яваад Хөхүүрийн талд Наху баяны ганц хөвүүн Боорчитой таарч уулзан анд
бололцсон тухай МНТ-ны 90 – 95 дугаар бүлэгт өгүүлсэн байдаг.
Тэмүжин
ба Боорчийг илэрхийлэх хөшөөний өндөр 13.5 метр, харин суурийн өндөр 5 метр
байх юм. Төмөр бетон хийцээр 25 метр диаметр бүхий дугуй тойрог суурин дээр
бүтээнэ. Суурийн дотор талд үзвэр үйлчилгээний танхимыг байгуулна. Монгол
дайчин эрсийн дуулга тулган золгох төрхийг илтгэж, монголчуудын үүсэл гарлын
тотем болох чоныг хоёр талын дээд этгээдэд дүрслэхдээ ар дагз талаас нь харахад
тэнгэр рүү дүүлэх шонхор шувуу харагдахаар бүтээжээ. Уулзаж буй хоёр нүүрний
хоорондох орон зайг харахад суварганы дүрс харагдана. Хөшөөний гадна биед
Монголын газар нутагт хүрэл зэвсгийн үеэс үүссэн буган хөшөөний дүрслэлийг
товойлгож хийжээ.