ДЭЛГЭРХААН ОРГИЛ

Өнөө үед “Мянган өвөлжөөт уул” хэмээн яригддаг байсан “Хэрлэнбаян-Улаан” ууланд Дэлгэрхаан хэмээх оргил байдаг. “Монголын нууц товчоо”-нд “Арван гурван хүрээний тахилгат” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн. Хэнтийн нурууны салбар уулсын өмнөд хэсэгт 200 мянган га талбайг эзлэн д.т.д 2042 метр өндөрлөгт, Хэрлэн ба Цэнхэрийн голоор хүрээлэгдсэн тал хээр, уул хангай хосолсон “Хэрлэнгийн хөдөө арал”-ын хойморт орших уул.

“Монголын нууц товчоо”-ноос хойш бичигдсэн Монголын түүхийн зарим сурвалжид Чингис хааныг Хэрлэнбаян-Улаан уулын ноёлох оргил Дэлгэрхаан ууланд хаан суусан тухай дурьдсан байдаг. Гэвч Монголын нууц товчооны 122-126 дугаар бүлэгт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт олон овог нэгдэн ирж Тэмүжинийг Хамаг Монголын хан болгож Чингис цол өргөмжилсөн тухай маргах аргагүй дурдсан байдаг. Харин Саган цэцэний Эрдэнийн товч, Галдан туслагчийн “Эрдэнийн эрхи” сурвалжид Чингис хханы 1189 онд Хэрлэний Хөдөө аралд хаан суусан гэж бичсэн байдаг. Эдгээр зөрүүтэй тэмдэглэлээс үүдэн эдүгээ Дэлгэрхаан сумынхан Хөдөл аралд хаан суусан, харин Хар зүрхний Хөх нуурт биш хэмээн ярьцгаадаг. Гэх мэтээр Чингис хааны түүхэнд холбогдох газрууд өнөөг хүртэл маргаантай байдаг.  

Энэ уулын орчим нь ургамлын аймгийн холимог бүрдлийг илэрхийлэхийн сацуу Монгол-Дагуурын ургамлын аймаг доторхи Сибирийн, Дорнод-Монголын ургамлын аймгийн төлөөлөл илэрч байгаа нь амьтны аймгийн төрөл зүйлийн өсөн үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг. Ургамлан нөмрөгийн онцлогоор тус уулын орчим нь Монгол-Дагуурт харъяалагддаг бөгөөд дундаж өндөр уулын ойн ба ойт хээрийн бүслүүрт харъяалагддаг боловч  нуга хөндийгөөрөө Крыловын хялгант хээр, орой бэлээрээ хус, хуш, шинэс, гол горхитой жалга судгаараа улиас, хайлаас, бургас, зэрэг навчит болон шилмүүст ойтой хээрийн болон уулын хээрийн бүслүүрийн холимог зүй тогтол ажиглагдана. Тус уулын орчимд байгалийн ургамлын тухай хуулийн ховор ургамлын жагсаалтад орсон 21 зүйл, нэн ховор 4 зүйл, ургамал ургана.

Мөн Монгол Улсын Улаан ном,  ховор амьтдын жагсаалтад орсон цэн тогоруу, хонин тоодог, хар өрөвтас, хээрийн галуу, хөхтөн амьтнаас аргаль хонь, дагуур зараа мөн олон улсын үнэлгээгээр устаж байгаа халиун буга, устаж болзошгүй монгол тарвага, ховордож байгаа саарал чоно, зэрэг ан амьтан элбэг экологийн чухал ач холбогдолтой байгаль, түүх соёлын үнэт дурсгал болохын хамт зүүн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх /Дэлгэрхаан сумын хувьд/ стратегийн ач холбогдол бүхий уул юм.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0