ЭРДЭНЭЗУУ ХИЙД

Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ. Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суварганы чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд 7 дугаар ширээт лам Дагвадаржаа ламтан удирдаж хятадын Юн-да-а пүүс гүйцэтгэл хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр юм. 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна.

Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлджээ. Түүний ард 1675 онд Түвдийн Далай ламд зориулан босгосон Далай ламын сүм байх бөгөөд Махгал бурхны 13 нагтан дүр, Далай ламын хувилсан 6 дүр, Өндөр гэгээн Занабазар нарын дүрүүдийг дэлгэн үзүүлжээ. Гадна хоёр талд Хүрдэн сүм байрладаг. Эдгээр сүмүүдийн ард тусгай туйпуугаар барьсан хэрмэн хашаанд хоёр бунхан бий. Нэгийг нь Автай сайн хаанд, нөгөөг нь түүний хүү Түшээт хан Гомбодоржийн шарилд зориулжээ. Хоёр бунхны ард талд Гурван зуугийн сүмүүд бий. Нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн бөгөөд давхар хана бүхий бүтэцтэй. Энэ нь нэгд халуун хүйтнийг тусгаарлах, хоёрт гороо мөргөл үйлдэх зориулалттай. Гурванзуу нь хурлын бус мөргөлийн сүм байжээ.


Баруун зуугийн сүмийг Автай сайн хаан, түүний хүү Гомбодорж, Эрхий мэргэн хааны их хатан нар бүтээлгэжээ. Сүмийн хойморьт бурхан багшийн өмнөх дүр Одсэр, одоогийн бурхан багш Шагжамуни, ирээдүйн дүр Майдар бурхны өтөл дүрүүд заларсан байдаг. Сүмийн баруун талын хананд Богд Зонховыг шавь нарын хамт, зүүн талын хананд Бурхан багшийг шавь нарынх нь хамт дүрсэлжээ. Гол зуугийн сүмийг Түшээт хан Зүнгэн, Цогт түшмэл нар бариулжээ. Хаалганы хоёр хажууд арван хангал бурхадыг нэг Лхам бурхан, Эрдэнэзуугийн гол шүтээн Гомбогүр бурхан байдаг. Хойморьт оточ Манал, Бурхан багшийн идэр залуугийн дүр, Авид бурханы баримал заларсан байдаг. Мөн бурхан багшийн хоёр шавь Модголжибуу Шаарибуу,  нарны бурхан Ням, сарны бурхан Даваа, Найман мэргэн гэх зэрэг босоо суугаа баримал бурхад байдаг. Голын ширээн дээр анхдугаар богд Занабазарын бүтээлүүд болох гууль, шармал, хөөмөл, цутгамал бурхад заларчээ. Энэ сүмийн 2 дугаар давхрыг огторгуйгаас буусан “Сайн цагийн мянган Богдын орон” гэдэг. Зүүн зуугийн сүмийг Эрхий мэргэн хаан, түүний хүү Гомбодорж, Түшээт ханы хатан Ханджамц нар бариулжээ. Сүмийн хойморьт Жанрайсаг бурхан, Будда багшийн багын дүр, Богд Зонхов нарын барималыг байрлуулжээ. Баруун хананд Бурхан багш, Манал, Дүншигийн 35 бурхан, зүүн талын хананд Богд Зонхов, түүний шавь нарыг тус тус зуржээ. Мөн голын ширээн дээр хүрэн зандан модоор хийсэн зүүн сүмийн загвар болон алтан шармал, зэс хөөмөл, гууль цутгамал, модон сийлбэр бурхад, Бодисадва, Хангал бурхдын дүрийг залсан байдаг.


Гурван зуугийн арай доор байрлах баруун талын сүмийг Цамбын сүм хэмээнэ. Энэ сүм 3 тасалгаатай, тасалгаа бүрд нь 4 лам суун ном номлодог байжээ. Эхний тасалгаанд Ганзай буюу хангагч эрдэнүүд, Дамдинсамдүв, Жигжид бурхадыг залж, хоёрдугаар тасалгаанд Жанрайсаг, Лусын бурхадын эзэн бурхан Лүвэнжалбуу, Жамсран, Лхам, Махгал, анчдын шүтээн бурхан Ванданшавараба, Гонгор бурхад, гуравдугаар тасалгаанд Эрлэг номун хаан, нууц тарнийн ёсны гол бурхан Дэмчиг, Гомбогүрийн Жинхор, Очирдарь, Шанболын шангод, Балданлхам бурхны нэг хор буюу нөхөр Сэндом, 75 Махгалын нэг Гомбогүр, Цамба бурхадыг залжээ. Монголчуудын дунд Цамба бурханыг шүтсэнээр үйл бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үзэж өргөл хүндэтгэл үзүүлдэг.


Цамбын сүмийн эсрэг буюу зүүн талд Аюушийн сүм байдаг. Эхний тасалгаанд Жигжид, Манал, Авид, Хаянхярваа, Дамдинсамдүв, Y Далай лам, Балданлхам бурхадыг дүрсэлсэн зээгт наамал болон шороон будгийн зураг байрлуулж, хананд нь бурхад болон диваажингийн өргөл болох ганзайнуудыг дүрслэн зуржээ. Энд хүний 5 мэдрэхүй, шашны найман тахил, хаан төрийн долоон эрдэнийг өргөл болгон дүрсэлжээ. Хоёрдугаар тасалгаанд мөн адил шашны өргөл барьц болох ганзайнууд, Оточ Манал, Дамдинсамдүв, Дамдиндорлиг бурхадыг байрлуулжээ. Гуравдугаар тасалгаанд улааны урсгалын тарнийн ёсны догшин бурхан Нархажид, Очирдарь, Аюуш, Насны гурван шүтээн зэрэг хүмүүст урт нас, эрүүл энхийг бэлэглэгч бурхдыг голдуу байрлуулжээ.


Тусгай хэрэм бүхий гурван зуугийн сүмийн зүүн гар талд мөргөлийн Алтан суварга хэмээх том цагаан суварга бий. Энэхүү суваргыг IY Богд гэгээнд зориулан 1799 онд бариулсан бөгөөд дотор нь 70 гаруй бодь суварга, 2500 гаруй цац, 100 мянган бурхад зэрэг шашны зан үйлд хамаарах зүйлүүдийг цуглуулан хийжээ. Суваргын өндөр нь 13 метр.


Түүний хажууд 1969-1973 онд сэлбэн засаж босгосон гурван давхар сүм буюу Лаврин сүм байдаг. Энэ нь цэвэр Түвд маягийн уран барилгын дурсгал бөгөөд дотор нь бурхдын баримал, хөрөг, зээгт наамал, оёмол бурхан, цамын баг, бүрээ бишгүүр, хонх, очир, дамар зэргийг байрлуулжээ.


Эрдэнэзуугийн төв дундах том зайг Өлзий хутагтын талбай гэх бөгөөд түүн дээр Автай сайн хааны гэр байсан гэдэг. Хожим 1658 онд болсон Монголын ноёдын  Халхын чуулганд зориулж барьсан Бат-Өлзийт хэмээх том гэр барьж байсан бөгөөд дугуй хүрээ нь 45 метр голчтой байсны ул мөр нь одоо үлджээ. 35 ханатай, 1700 уньтай, 15 метр өндөр гэр хэлбэртэй энэхүү барилгад 200 хүн багтдаг байсан гэдэг. Өргөөний гадна талд дөрвөн тугны сууринд дөрвөн аймгийн тугийг мандуулдаг байжээ. Гэрийн чулууны өмнөх хонхорт жижигхэн нуур байсан бөгөөд Орхон голоос нарийн сувгаар ус татаж Ариун нуур хэмээх хиймэл нуурыг тогтоож байжээ.


Эрдэнэзуугийн хэрмэн хашаан дотор цам зэрэг буддын янз бүрийн ёслол үйлддэг талбай байв. Энэ талбайд дотроо 6 том аймагт хуваагдан байрласан 108 цамын бурхад бүжиглэдэг байжээ. Хийдийн хашаанд шөргөөгөн хашаа байх бөгөөд хар модоор нэг ч хадаас оруулалгүй хийжээ. Гадаад дотоодын дайснаас хамгаалахыг бэлэгдэхээс гадна бурхны шашны зан үйл гүйцэтгэх, цам харайх үед морь мал, олон хүн орохыг хориглох зориулалтаар хашлага болгодог байв.


Эрдэнэзуугийн сүм дуганууд XYII зууны үеийн Монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт сайхан бүтээлүүд гар зураг, хээ угалз, сийлбэр, баримал, цутгамал бурхад, суварга, тогоо, сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хорол мандал, цамын баг, хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалсаар иржээ. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Эрдэнэзуу хийдийн 18 бүтээлийг улсын эрдэнэсийн санд бүртгэж хосгүй үнэт зүйлийн зэрэглэлд хамааруулжээ. Эрдэнэзуу хийд нь Монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд бөгөөд Хархорум хотын ордны уран барилгатай ижил юм гэж ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Монголын түүх соёлын өв” номонд бичжээ. Эрдэнэзуу хийд нь жилийн дөрвөн улиралд гадаад дотоодын жуулчин гийчин тасардаггүй олон хөлийн газар болсон бөгөөд жилд дунджаар 20 мянган гаруй хүн ирж сонирхдог байна.


Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0