Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын
олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд
1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл
В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт
Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт
“Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7
дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь
болтол нь нурааж шатаажээ. Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь
одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг
газар баригдаж байжээ.
Эдгээр
хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд гүн
суралцсан олон арван мэргэн лам нар төрөн гарч өөрсдийн зохиол бүтээл
олныг туурвижээ. Чойрын хийдүүд нь Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхорын
цам, Цахарын цам зэргийг харайдаг байжээ. Мөн хийдийн хөгжлийг даган гар
урлал, худалдаа наймаа нилээд хөгжсөн байв. Зүүн Чойрын хийдийн тав
дахь хамба лам нь “Лам эрдэнэ” хэмээн алдаршсан Гончигдамбил гэдэг хүн
байсан бөгөөд үлэмж их увидас чадалтай хүн байжээ. Тэрээр өөрийнхөө
хөргийг бурханчилж зурсан бөгөөд хожим өөрийнх нь гэрийг шатаахад буурин
дээр нь ямар ч өө сэвгүй зүв зүгээр үлдсэн байсан гэдэг. Тэрхүү хөрөг
нь одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна. Тус хийдийн туурийг 1993 онд
улсын хамгаалалтанд авчээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах