ХАМАРЫН ХИЙД

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.


Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ.


Өвгөн суварга: Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9 дүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, 5 талтай ажээ. Анх 1823 онд Ноён хутагт энэ суваргыг бүтээж байжээ. Ингэхдээ Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээсэн гэдэг. Уг суварга 1937 он хүртэл  сүсэгтэн олондоо адистид хүртээж байгаад буулгагдсан байна. Шинээр бүтээсэн Өвгөн суваргын таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу Язгуурын 5 бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, Улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна. Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангайгаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Түүнээс доош байх танхим руу нэгэн олс уяаг  оруулсан бөгөөд үзүүрт нь том очир уяжээ. Танхимын хойморьт байх Бурхан багш, Гүрү ренбүүчийн хөргийг залсан ширээн дээр тэр очирыг тавьжээ. Тэрхүү очирт мөргөхөөр бурханд мөргөж байгаа гэсэн үг гэнэ.


Шамбалын орон буюу Энергийн төв: Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ.  Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээнэ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун  санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орон-ыг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.

Бурханы мэлмий: Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ.  Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг сийлээстэй суварганы дэргэд ирж таван бадаг бүхий бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

Сакура цэцгийн хөндий: Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

Эхийн умай: Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

Хүслийн хар уул: Хийдээс баруун хойно 20км гаруй зайд  Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм  бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий. Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.


Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0