УГТАМЫН ХИЙД

Угтамын хийдийг 1777 онд Содовравжаалин нэртэйгээр анх байгуулжээ. Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Тугийн хийдээс Наваан-Осор дооромбо сүм хийд барих газар эрж явсаар одоогийн Баяндун сумын нутагт байгалийн үзэмж бүрдсэн Дээд Могойт гэдэг газрыг мэргэ төлгөндөө шинжээд таарч тохирох газар мөн байна хэмээн иртэл нэг хар хүн булгаас хуцаа услахаар иржээ. Амар мэнд асуулцаж нэрийг нь асуухад Дэлгэр хэмээсэнд бэлгэшээж “шашин дэлгэрэх газар” байна, мөн эцэг мал усалж байгаад мөн олзуурхаж тэр даруй хоёр чулуун дуган барьж эхэлтэл Хэнтийн Дэлүүн Болдогт Гилбэр харуулын өвгөн хөгшин хоёроос нэгэн хүү /Түгээмэл Элбэгтийн 11 дүгээр (1861) онд/ төрснийг Богд Жавзандамба хутагтаас “хувилгаан төрсөн байна” хэмээн мандал өргөснийг дуулаад тэр хүүг зорин очиж хийддээ залсан ажээ.
Тэрхүү залагдсан хувилгааныг Ачит ван Тогтохын хошууны Эрдэнэ мэргэн тунгалаг бишрэлт номч билигт хувилгаан Довчин хэмээдэг бөгөөд “Миний шашин нэг мөхөөд дахин дэлгэрэхэд угтан тосч авахын билэгдэл болгож “УГТАМ” гэж нэрлэе, хойшид түмэн гэлэн хурах түүхт газар юм” гэж айлдсан аж. Довчин хувилгаан Угтамын хийдэд заларснаар шашин мөргөлийн үйлс дэлгэрч 30-аад жилийн дотор сүм дуганыг барьж дуусгасан байна.

Угтамын хийд нь хүн, малын гарзыг хаагч Гомбо сахиустай, Чойр, Жүд, Дүйнхор, Ламрим, Зод, Манба дацан гэсэн зургаан дацантай, Өндөр Майдар, Сэрүүн Лаврин зэрэг сүмээс бүрдсэн 12 хүртэл монгол-хятад хийцийн барилга байгууламжтай, 300 гаруй лам хуврагтай, Майдар эргэж, Цам харайдаг шашин мөргөлийн төв болсон хөл хөдөлгөөнтэй газар байжээ.

Угтамын хийдийг 1934 онд нурааж буулгах үед 11 сүм, дуган, 124 ламтай байснаас гавж 14, маарамба 1, нэг жастай үүндээ тэмээ 16, адуу 4, том мал 1,үхэр 1-тэй байсан хэмээн тэмдэглэгдсэн байна. 

“УГТАМ ТЭГЧИНЛЭН”  хийдийг сэргээх санаачилгыг тус хийдэд 8 наснаасаа 18 нас хүртлээ шавилан суусан ууган шавийн нэг болох Т.Базаргүр ламтан/ өвгөн лам/  билээ. XVII жарны төмөр морин жил буюу 1990 оны хавар Баяндун сумаас Нямдаваа жолоочтой Базаргүр лам гэр бүлийн хамт Навааны Юндэнгийн Самдан, Осоржамц болон сүсэгтэн олонтой ирж рашааны баруун талд майхантай байрлаж дөрөв хонохдоо хийдийг дахин сэргээхээр шийджээ.

Намрын сүүл сард Баяндун, Дашбалбар сумын сүсэгтэн олны хүч зүтгэлээр суварга босгосноор хийдийг сэргээх ажил эхэлсэн. Дашбалбар сумын сүсэгтнүүд Цагаан өвгөн, Махбадар хийдийг сахиж гурван тэмээн тэргээр чулуу, шавар, мод зөөвөрлөж хамтран байгуулжээ. Дуганы зураг чимэглэлийг зураач Лхагва урласан байна.  Эдүгээ зуны улиралд хурал ном хурахаар лам хуврагууд морилдог аж.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0