САРЬДАГИЙН ХИЙД БУЮУ ЦАГААН ХОТ

Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд Монгол Улс анхны нийслэл хотоо байгуулж байжээ. Үүнийг батлах хотын туурийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн илрүүлээд байна. Баавгай, бор гөрөөс, буга, хандгай, модны мөчир дамжин гүйх хэрэм гээд зэрлэг амьтны эх өлгий, нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч тайгаас түүхийн хосгүй үнэт олдвор ихээр олдлоо. Монгол улсын ууган хотуудын нэг нь Бух ян, Сонгино ян, Сарьдаг гэсэн чандмань эрдэнийн байршлаар орших гурван том уулын зүрхэн тушаа газар, наран ургах зүг рүү харсан байдалтайгаар оршин байжээ. Сарьдагийн хийдэд нийт есөн байгууламж байсан бололтой. Зөвхөн нэг байгууламжийн гол цогчин дуганы нэгээхэн хэсгийг нь түүхч, археологичид малтан шинжилж байна.

Малтлагын нөхцөл: Сарьдагийн хийдийн малтлагыг санаач­лагч, төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор “Энэ жил Хотын захиргааны дэмжлэг тусламжаар Хэнтийн нуруунд хоёр жилийн өмнө эхлүүлсэн малтлагаа нэлээд өргөн хүрээтэй эхлүүлээд ажиллаж байна. Чухал олдворуу­даас гадна хотын бүтэц зохион байгуулалтыг бүрэн таньж мэдэх хэмжээний судалгааг хийгээд байна. Малтлагаар XVII зууны үеийн Өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулж байсан Төгсбаясгалант Номын Их хүрээ буюу Цагаан хот байрлаж байсан газар гэдэг нь тодорхой болсон. Түүхийн олон эх сурвалжаар батлагдаж байгаа. Малтлага хийж байгаа газарт хүрнэ гэдэг их хэцүү, Зил-131 машинаар хоёр өдөр зүтгүүлж байж арай гэж хүрнэ, бороо орвол намагт суучихна, нэгмөсөн бэлтгэл хангаж ирэхгүй бол нааш цааш яваад байх амархан нөхцөлтэй газар биш, арай амархан хүрэх нь Мөнгөнморьт сумын ойролцооноос мориор намаг торлог, ой модон дундуур өдөржин яваад үдшийн бүрийгээр Сарьдагт хүрч болно, замдаа саатвал хөвчид хонох болно. Өөр нэг арга нь Налайх дүүрэгт байр­лах Зэвсэгт хүчний нисэх ангийн “Ми-8” нисдэг тэргээр Туул голын ай савыг даган цаг гаруйхан нисээд Бух ян уулын хормойд буугаад тэндээс хэдэн километр өгсөж алхаад малтлага хийж буй газарт хүрэх боломжтой хэмээн ярьжээ.

Сарьдагийн хийдийн есөн барилгын хамгийн том байж болох цогчин дуганы малтлагыг ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийнхэн хоёр жилийн өмнө эхлүүлжээ. Тэд өнгөрсөн 70 гаруй жилийн түүхэнд ийм хүнд хэцүү нөхцөлтэй газарт малтлага хийж байгаагүй гэнэ. Мөн Монголын эрдэмтэн судлаач нар өөрсдөө бие дааж, гадаадын судлаач, хөрөнгө оруулалтгүйгээр анх удаагаа үндэсний том төслийг эхлүүлэн, амжилт­тай ажиллаж байна. 300 гаруй жилийн өмнө аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй хийдийн туурийг малтан судлах ажил ийнхүү эхэлсэн байна. Түүх, археологийн хүрээлэн тэргүүлэн, Богд хааны музей, Улаанбаатар сургуулийн оюутан зэрэг 30 гаруй залуус малтлагын ажилд оролцож байгаа аж. Гол цогчин дуган байсан газрыг хэд хэдэн үе шаттайгаар ухаж, 300 гаруй жилийн настай модыг зайлуулж хэдэн мянган метр куб чулууг эгнүүлэн кублэж, шороог уул овоо мэт хэрмийн гадна талд маш нягт нямбай овоолсон зэрэг нь эдгээр залуус яаж ажилласан нь бэлхэн харагдана. Археологийн судал­гаа гэдэг нь өөрийн дэг ёс, ном журамтай, хатуу сахилга баттай ажил ажээ.Нурсан хотын туурийг 300 жилийн хөрс түрж, дээр нь ногоо ургасаар бүхэлд нь битүү дарчихсан байжээ.

Цагаан хотын дүр зураг: Хотын туурь байсан газрыг бүхэлд нь модоор хашаалжээ. Хашаан дотор овгор шороон далан байгаа нь Сарьдагийн хийдийг тойрсон шороон хана хэрэм байсныг илтгэж байгаа аж. Шороон хана хэрмийн дотор талд 1.5 метрийн өргөнтэй, хоёр метр гаруй өндөр чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Шороон болон чулуун хэрмийн ойр орчимд хавтгай чулууг газарт шигтгэж явган хүний зам тавьж байсан нь мэдэгдэхүйц илэрчээ. Хэрмийн ханын чулууг байгалийн энгийн хадыг заадсаар нь хагалан хавтгай талыг гадагш харуулан нямбай өрсөн байв. Гадна хэсгийг шороогоор дэлдэж өнгөлөөд цагаан өнгийн шохой­гоор будсан байна. Гол хэрмийг шороо дэлдэж бариад түүнийгээ гадуур нь маш нарийн зассан чулуугаар хэрэмлээд чулуун дээрээ нэлээд зузаан цагаан шохой түрхэж барьсан нь тодорхой мэдэгддэг.

Монголчууд Цогт хунтайжийн цагаан хот, Эрдэнэбаатар хун тайжийн цагаан сайр хот байсан туурийг мэддэг байсан. Тэгвэл XVII зуунд Хан Хэнтийн нуруунд байгуулсан Өндөр гэгээний цагаан хот Сарьдаг уулын өвөрт оршин байсныг илрүүлээд байгаа нь энэ аж. Хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон байна. Суваргыг шинжилж үзэхэд Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй гэнэ. Суварга дотроос аравнайлсан зүйлс нь яг хэвээрээ олдсон байна. Чулуун хэрмийн өндөр довжоо бүхий хаалгаар дотогш нэвтэрдэг байхаар зохион байгуулжээ. Модон хаалга, хаалганы нугас нь малтлагаар олдсон байна. 100 гаруй метр квадрат талбайг бүхэлд нь чулуугаар бүрж шал зассан ба энэ нь хагалж хавтгай болгосон чулууг хөрсөнд шигтгэж дэвсэн хийсэн байна. Одоогоор илэрсэн цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай, дундаа том цогчин дугантай, тэрийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсан гэдгийг олж тогтоожээ.

Малтлага эхлүүлсэн Цогчин дуганы баруун хойд хэсэг нь тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд долоон тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. Барилгын чулуун ханын нурангийн дээд хэсэгт салхивч цонх байсан, салхивч цонхноос дээш ханын үлдэгдэл хоёр метр гаруй өндөр байгаа нь барилгыг хоёр давхар байсныг харуулжээ. Ваарны хагархай чимэглэл, тоосго, монгол аргаар хийсэн хадаас, төмөр утас олноор гарч ирсэн байна. Монголчууд 1654-1687 оны үед тоосго, ваар, хадаас, төмөр утсаа өөрсдөө хийдэг байсан нь эдгээр эд, олдвороор нотлогдож байгаа аж. Барилгын дээврийг ваараар битүүлсэн байхаас гадна вааран дээрээ элдэв чимэглэлтэй байжээ. Дуганы шалыг арав гаруй см зузаанаар шороо дэлдэж нягтаршуулаад дээр нь дөрвөлжин палк шиг болгож зассан модыг давсэж тусгайлан янзалсан нь тэр хэвээрээ хадгалагдан үлджээ. Малтлагын гүн гурван метр гаруй болоод ирэх үед бадам цэцгийн суурин дээр завилан суулгаж урласан 15см өндөртэй шавар бурхад олноор илэрч эхэлсэн байна. Олдсон бурхадууд Язгуурын таван бурхан гэдэг нь тодорхой болсон байна. Байгууламж нурах үед эвдэрч хэмхэрсэн байдалтайгаар булагдсан тэдгээр Язгуурын таван бурхадыг сэргээн засварлаж, янзлаад байгаа нь мянга орчим болжээ. Цаана нь сэргээх шаардлагатай олон зуун бурхан байгаагаас гадна дахин өөр олон бурхад олноороо гарч ирэх магадлал өндөр байгаа ажээ.

Түүхийн хосгүй үнэт бүтээл: Дөрвөн хөл бүхий тулган дээр хүрэл тогоо тавьж, тогоон дотор бортгон суурьтай гангар шаазан, түүний дэргэд цул мөнгөн аяга тавьсан олдвор олджээ. Тогоон дотор будааны төрлийн ургамал, хушга, том ясан үртэй жимс хийсэн байжээ. Эдгээрийн дээр олон хэсэг хугарсан боловч ямар нэгэн бурхан зурсан нь илт мэдэгдэх хоорондоо наалдсан, тэнийл­гэж үзэх боломжгүй болсон нимгэн мөнгөн ялтас олдсон байна. Мөн тогооны дотор болон гадна талаас олон өнгийн чулуугаар хийсэн эрихний ширхэгүүд, жижиг мөнгөн эдлэлийн хугархай, мөнгөн зоос, нимгэн алтан ялтасны хэсгүүд илэрсэн байна.

Тулга, тогооны хойд талд төмөр ялтсан хуяг бүхий баатар хүний цээж хэсгийн өмсгөл, ялтсан шилэвчтэй төмөр дуулга, хоёр илд олдсон байна. Зүүн талын илдний гадна талд цахиур гар буу тавьсан байсны мод нь өмхөрч үгүй болжээ. Хамгийн чухал нь метрийн голчтой бурханы суурь байсан ба түүний урд талд байрлуулсан модон хашлага дээр шавраар хийсэн өлзийт найман тахилын дөрөв нь болох хос загас, бумба, бадам цэцэг, найман хигээст алтан хүрд байсан гэнэ. 1600 оны үед баатруудын өмсч байсан хувцас хэрэглэл, сэлэм, мөнгөн аяга, алх дөш гэх мэт үнэт соёлын өвийн зүйлс олноор гарчээ.

Шавраар хийгдсэн, олон зуун жил газарт дараас­тай байсан 130см урт гар, 120см урт хөлийн хугархайг эхэлж илрүүлээд малталт цааш үргэлжилж маш том толгой, уран нарийн чимэглэл хийцтэй цээжний хэсгийг олсон байна. Цогчин дуганы их шүтээн байсан бололтой. Уг бурханыг бадам цэцгийн дэлбээгээр тойруулан чимэглэсэн суурин дээр босоо байдалтай байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гар, хөлний хэлбэр хийц, хумс хуруу нь маш нарийн хийцтэй байгааг археологичид тогтоосон. Дэргэдээс нь олон арван жижиг бурхад олдсон учраас дундуураа хуваагдсан Язгуурын таван бурхан байж магадгүй гэсэн эхний таамаглалыг дэвшүүлээд байна. 

Судалгааны баг: Сарь­дагийн хийдийн малтлага судалгаанд археологич Э.Уртнасан, Ч.Энхтуул, шавар урлалын сэргээн засварлагч Н.Нандинцэцэг, Богдын музейн бурхан урлал судлаач Гүнчин-Иш, сүм хийдийн аман түүх судлаач, угсаатны зүйч Г.Бямбарагчаа, уран барилгын сэргээн засварлалтын судлаач Батцоож гэх мэт мэргэжилтнүүд ажиллаж байна. Сэргээн засварлагч Н.Нандинцэцэг “Монголчууд ямар мундаг гарын уртай байсан бэ гэдэг нь энэ хотын тууринаас олдсон зүйлсээс илт байна. Олдож байгаа бурхадын хувьд маш нарийн хийцтэй. Хэдэн зуугаараа олдож байгаа мөртлөө хоорондоо харилцан адилгүй, давтагдахгүй хийцтэй. Язгуурын таван бурхан гэхэд маш олноор олдож байгаа хэрнээ мэлмий, суурины бад зэрэг нь өөр өөр байгаа. Цэцгийн дэлбээ нь есөн ширхэгтэй байхад нөгөөх нь 11 ширхэгтэй байдаг. Эдгээр олдворууд газар доор 400 орчим жил байсан болохоор мөөгөнцөр нян бактериар бүрхэгдсэн байдаг. Үүнийг нь спиртээр саармагжуулаад дараа нь бэхжүүлэлт хийж авч байна” хэмээн ярьжээ.

Сарьдагийн хийдийн малтлагад оролцож буй ирээдүйн археологич оюутан залуус “Эхлээд хөвчид ирээд чулуу, шороо зөөгөөд шантарч байлаа. Өглөөнөөс орой болтол шороо, чулуу зөөнө. Шувуу тэнгэрт эргэхээс өөр ямар ч хөдөлгөөн байхгүй. Хамгийн ойрхон айл нь 70км зайтай ийм зэрлэг тайга аймшигтай санагддаг байлаа. Одоо харин ажил жигдэрчихлээ, Монголын археологийн түүхэнд хамгийн хүнд хэцүү газар хамгийн том бие даасан малтлага хийж байна, маш их зүйл сурч мэдэж авч байна, бас цалин хангамжиндаа сэтгэл  хангалуун байгаа, 32 жилийн турш олон мянган хүний хүч хөдөлмөрөөр боссон хотын малтлага болохоор хэцүү байх нь аргагүй шүү дээ” хэмээн ярьжээ.

Доктор С.Чулуун “Анх хөвчид хот балгасын туурь байна. Түүхийн сурвалжаар Өндөр гэгээний барьсан хот бололтой, малтаж үзэх хэрэгтэй байна” хэмээн хөрөнгө санхүү гаргуулахаар хүмүүстэй уулзахад “яаж ч бодсон ой хөвчид хот байна гэж байхгүй” гээд санхүүжүүлэх газар олдохгүй байжээ. Тэгэхээр нь зориг гарган хүрээлэнгээс боломжоороо хөрөнгө гаргуулаад Сарьдаг уул руу намар морь хөлслөн гарчээ. Цас орж хүйтэн байсан ч дараа жил нь ирж малтах газраа сон­гох, хотын зураглал үйл­дэх, орчны байдал, аман түүхийн мэдээллийг баталгаажуулах гээд нэлээд үр дүнтэй буцсан гэдэг. Гэвч “Энэ том хотын туурийг малтах бол шал худлаа юм байна, төслийг зогсооё” гэж хүртэл бодогдож байжээ. Анх ийм олдвор гарна гэж үнэндээ төсөөлөө ч үгүй билээ. Одоо бид түүх, археологийн түүхэнд том гавьяатай хүмүүс боллоо. Үнэндээ олдвороос илүү энэ хотын бүтэц зохион байгуулалт чухал байсан” гэв.

Сарьдагийн хийдийг хам­гийн анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэнээс хойш 1923 онд Судар бичгийн хүрээ­лэнгээс судлаачид томилон танилцуулж байсан гэнэ. 1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээ­лэн, Төв аймгийн музейтэй хамтарч энд ирж үзчихээд буцсан байдаг аж. 2014 оны малтлагын дараа Улаанбаатар хотын захиргаатай хамтран Олон улсын хурал хийх үед Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандахад “Үнэхээр сонин юм байна. Манай нийслэлийн түүх улам өргөжнө, бид бүрэн дэмжиж ажиллая” гэснээр уг төсөл эзэнтэй болж, энэ дайтай хийгдэх үүд нээгдсэн аж.

Сарьдаг уулын өвөрт Монголын нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотыг анх байгуулж байсан түүх:  Хэнтийн нурууны энэ тайгад 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазар хот барьж байсан гэдгийг яаж мэдсэн бэ. Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун: “Өндөр гэгээн Занабазар энд Сарьдагийн хийдийг байгуулж байсан талаархи аман болон бичгийн түүхийн баримт олон байдаг. Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 онд түвд хэлээр бичиж дуусга­сан “Гэгээн толь” хэмээх бүтээлдСарьдагийн хийдийн түүхэнд холбогдох анхдагч эх сурвалж байдаг. Тус сур­валжид “Үй Зан орнуудад очихдоо сургуульд шавилах тухайгаа Банчин Богдын гэгээнд айлтгахад “Чи энд шавилан сууснаас Монгол орондоо хуврагийн аймгийг байгуулбаас шажин амьтанд илүү тустай болно хэмээн айлдсан болой. Энэ ёсоор Жалба хэмээх модон морин (1654) жил Хэнтэй хан хэмээх газар Рибогэжэлин хэмээх хийдийг байгуулж эхлэв” хэмээн өгүүлжээ. Эндээс үзэхэд, Өндөр гэгээн Занабазар Түвдээс буцаж ирсний дараа буюу 1654 онд Хэнтий ханы өвөрт Рибогэжалин буюу бүтэн нэрээр Рибогэжаган­даншадувлин хэмээх Сарь­дагийн хийдийн эх суурийг тавьсан нь тодорхой байна.

Мөн хожуу үед зохиогдсон “Богд Жибзун­дамбын анхны төрлийн нэр оршвой” хэмээх мон­гол сурвалжид “Эеэр засаг­чийн арван нэгдүгээр он хөх морин жил (1654) Богд Жибзундамба гэгээнтэн Халхын газарт Хэнтий уулын өвөрт шарын шажныг бадруулах Рибогэжай-гандан­шаддублин хэмээх Номын Их Хүрээ байгуулав” гэжээ.

Дээрх түүхэн эх сурвалжаас үзэхэд Өндөр гэгээний байгуулсэн Цагаан хот буюу Сарьдагийн хийд нь хожим нутаг сэлгэн нүүсээр Туул голын хөндийд Хүрээ болон суурьшиж эцэстээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болсон байна. Өөрөөр хэлбэл, Өндөр гэгээнийг одоо­гийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар (хуучны Хүрээ, Их Хүрээ)-ыг үүсгэн байгуулагч мөн хэмээн үзэж болох гэнэ. Учир нь Монголын түүхийн он дарааллын сурвалж бичгүүд ба Их Хүрээний он дарааллын бичгүүдийн аль алинд Өндөр гэгээн Халхын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн 1639 ба Хүрээний анхны долоон аймаг бай­гуулагдсан1651 оны алийг нь ч Их Хүрээ байгуулагдсан он гэж тооцдоггүй гэнэ.Харин Их Хүрээний уламжлалт заншил ёсоор Хэнтий ханд суурин сүм хийд байгуулагдсан хөх морин жил буюу Сарьдагийн хийдийг байгуулсан 1654 оныг Их Хүрээ байгуулагдсан он гэж албан ёсоор тооцдог байна.

Эдүгээ Улаанбаатар хот байгуулагд­сан ойгоо дээрх оноор тооцож байгаа. Мөн 1873 онд Их Хүрээний Хамба номун хан, Эрдэнэ шанзодба нарын зэрэг эрх баригчдаас тус хийдийн Вангай аймгийн лам нарт явуулсан нэг бичигт Их Хүрээ байгуулагдсан оныг заахдаа “Анх шашин дэлгэрүүлж модон морин жил (1654) цогчин хурал байгуулсан эдүгээ 219 жил болжээ” гэсэн байна. 1925 онд Их Хүрээний албан ёсоор батлагдсан жаяг дотоод дүр­мийн оршилд ч 1654 оныг Их Хүрээ анх байгуу­лагдсан он гэж тэмдэглэгдсэн ажээ. Ингэхээр Өндөр гэгээн Зана­базар анх Монгол Улсын нийс­лэл хүрээг хөвч тайга дунд буюу Сарьдаг уулын өвөрт байгуулж, улмаар хэд хэдэн удаа нүүж, одоогийн Улаанбаатар хотын газарт ирсэн түүх­тэй гэдгийг С.Чулуун док­тор онцолж байна.

Өндөр гэгээн Цагаан хотыг 32 жилийн турш барьж байгуулсан болох нь нотлогдох түүхэн баримт ч байдаг гэнэ. Цагаан хотыг барьж дуусгасан тухай Заябандидын зохиосон “Өндөр гэгээний намтар”-т, “Дондув хэмээх шороон хонин (1679) жилийн өвлийн адаг сар би Монгол орондоо хүрч ирэв. Дагбо хэмээх төмөр мичин жилийн (1680) зун энэхүү Богд гэгээнд мөргөхөөр ирэв. Хийдийн гадна талын ихэнхийг барьж дуусгаад бурхан шүтээнийг нь бүтээж байсан үе байв. Тэнд арваад хоног саатаж зарлиг авшиг айлтгав. Садба хэмээх гал барс жилийн (1686) зун Рибогэжалин хийдийн бурхан шүтээн бүтээсэнтэй зохилдуулж зарим лам нараар равнай хийлгэж соёрхов” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг аж. Үүнээс үзэхэд Заябандид Лувсанпэрэнлэй Хүрээний түүхтэй холбогдох хоёр чухал он цагийг тодруулж өгчээ. Сарьдагийн хийдийг барих ажил өмнө дурдсан модон морин жил буюу 1654 оноос гал барс жил буюу 1686 оны зун болтол даруй 32 жилийн турш үргэлжилсэн болохыг гэрчилдэг байна.

Сарьдагийн хийдийн алтан орой нь нарны гэрэлд гялалзан харагддаг гэсэн домог байдаг. Энэхүү хот Халх Ойрадын дайны үед устаж үгүй болсон түүхтэй. Ойрадын цэргүүд Цагаан хотыг олж чадахгүй хэд хоног хөвчөөр бэдрэн явсны дараа нарны гэрэлд цогчин дуганы орой шаргалтан харагдаж байсан гэсэн түүх байдаг. Тэгвэл түүнийг батлах зүйл олдсон байна. Сүмийн дээврийг хооронд нь углуургадан ваараар хийж, эмжээрийг нь хээ угалзаар чимж алтаджээ. Мөн бусад хэсгийг боронзоор өнгөлж, алтан шаргал орой хийсэн нь олджээ.

Сарьдаг, Сонгино ян, Бух ян гэсэн гурван уулын зүрхэн тушаа газарт орших Сарьдагийн хийд далайн түвш­нээс дээш 2000 мет­р өндөрт оршиж байгаа хийд юм. Онгоцоор нисч, ойр хавийн уулсыг судалж үзэхэд яг ийм байрлалтай газар олдоогүй. Мөн Сарьдаг уулсынхаа хоёр сугаар гол урсаж, Туул голын эх рүү нийлсэн байгалийн тансаг үзэмжит газар монголчууд нийслэл хүрээгээ анх барьж байсан түүх юм. Ийнхүү монголчуудын соёл, түүх, ур, оюуны гайхамшгийг гэрчлэх судалгааны асар их түүхэн баримт бүхий бүхэл бүтэн хотын туурь Хэнтийн нуруунд цаг, минутаар “урагшилж” байгаа ажээ.

 
Эх сурвалж: Өдрийн сонин  

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0