Дундговь
аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн
үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг
туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь
“Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь
лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000
гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15
км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн
хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт
ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг
оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4
сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал,
анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн
сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937
онд баригджээ.
Энгэрийн
хадан хавцлыг маш нямбайлан шатлан ухаж тэгшлээд үелсэн өндөр
довжоонууд байгуулан дээр нь өөр хоорондоо ижилгүй уран барилгуудыг
цогцлуулсан нь асар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсныг илтгэнэ. Өдгөө
тэр бүхэн туурь болон үлдсэн бөгөөд бүхэл бүтэн хотын үлдэгдэл мэт
сэтгэгдэл төрүүлнэ. Онгийн
хийдийн гол цогчин дуганы баруун талд Хутагт ламын хийд оршдог байсан
бөгөөд том хөх тоосгон хашаатай, тэр нь дээгүүрээ ланз хээтэй байжээ.
Дотроо есөн сүмтэй, сүмийн оройг паалантай тоосгоор хийсэн байв. Баруун
зүүн талдаа хүрд бүхий суваргатай байжээ. Хашааны гадна талд хоёр том
дуган, баруун талд нь том цагаан суварга байжээ. Онгийн
хийдийн гол цогчин дуганы зүүн талд 220 жилийн түүхтэй Хамба
Данцагдоржийн хийд гэж байжээ. Уул өөд өгсөөн барьсан 13 гоёмсог сүмтэй
ажээ. Хийдийн дээд овоон дээрхи хавтгай чулуун дээр Цагаан шүхэрт бурхан
сийлж тавьсан байдаг.
Тухайн
цаг үед Онги голын дээгүүр тавьсан модон гүүрэн дээгүүр үертэй үед
голын ус хальж ирдэг байжээ. Онгийн хийдийг тойроод эргэн тойрон ууланд 5
тахилгатай овоо өдгөө үлдсэн байх бөгөөд тэдгээрийг Дөрвөлжин шашир,
Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. Мөн
хийдийн туурины зүүн захад “ходоодны рашаан” байх бөгөөд түүнийг
хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж
хэрэглэхээр болгон худаг байгуулжээ. Туурины урд хэсэгт лам нарыг
хуралдаа ирэхийг урин залж лавай үлээдэг зориулалт бүхий “буяны шат”
бий. Туурины гол хэсэгт “Зүүн гүдэнгийн дуган” хэмээх сүмийг сэргээн
байгуулжээ. Зуны цагт лам хөвгүүд шавилан сууж хол ойрын зочин гийчинд
ном хурж өгдөг. Сүмд Бурхан багшаас эхлэн Арван хангал бурхад, сүмийн
эзэн Барь лам Дамцагдоржийн хөрөг, Насны гурван шүтээн, Говийн Лха
бурхан, Майдар бурхан, Богд Зонхов, Ловон Бадамжунай нарын хөрөг болон
баримал дүрүүдийг залсан байдаг.
Мөн
Онгийн хийдийн туурины дэргэд гэр музей бий. Тус музей нь 2001 онд
байгуулагджээ. Гэр музейд нь шавь Барь лам Данцагдоржийн зохиосон 21
боть “Сүмбум” хэмээх судар байхаас гадна өөрийнх нь хэрэглэж байсан
гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам
нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагайнамжир хэмээх хувцас
хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг уур нүдүүр, хүрэл тогоо
тулга, мод цоолдог өрөм дрилл, монгол жинлүүр, туухайнууд, тэмээнд
тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын
чимэглэлүүд гэх мэт зүйлүүдийг дэлгэн үзүүлжээ.
Онгийн хийдийн дэргэд Цагаан-Овоо, Онгийн нууц хэмээх жуулчны баазууд байрладаг. Онгийн
хийдийн баруун өмнө байрлах хадат уулнаа Лусын хаан Луваанжалбуу
бурханы дүрийг баримлаар бүтээлгэн залжээ. 1.3тн жинтэй, 2м өндөр суугаа
дүртэй бурханы баримал бөгөөд нутгийн иргэд Онги гол эргэн урсахыг
хүсэж энэхүү дүрийг бүтээлгэн залсан байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах