МАНЗУШИРЫН ХИЙД

Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт,  Зуунмод хотын төвөөс хойш 8 км, Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд Манзуширын хийдийн туурь оршино. Хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Богд хан уулын өвөр дэх Тулгатын булаг гэдэг газар юм. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан, донхор хутагт Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

1736 онд Цанид дуган, 1760 онд Бадмаёго дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордон, 1780 онд Жүд дацан, 1790 онд Гомбо дуган, 1867 онд Мамба дацанг байгуулж,  Хангал, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1791 онд Манжийн хааны зарлигаар тус хийдийн нэрийг “Буяныг залбирагч” болгон өөрчилсөн. Буяныг залбирагч хийдэд  500 гаруй лам нар сууж ном хурдаг байсан бөгөөд нийт 5 дацантай байв. XX зууны эхэн үе гэхэд гавж аграмбын мяндагийг олгодог, ихээхэн хэмжээний мөнгө эргэлдүүлдэг тариалангийн талбайтай Монголын нэр нөлөө бүхий том хийд болсон байв.

200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Лам нарыг нь баривчилж  хөрөнгө зоорийг нь  хураахад 53 лам баривчлагдсан ба ихэнх нь цаазаар авхуулсан гэдэг. Манзуширын хийдийн сүүлчийн хутагт нь Цэрэндорж хэмээх хүн байсан бөгөөд тэрбээр Манзушир хутагтын V дүрийн хувилгаан байжээ. Цэрэндорж нь Халхын Сайн ноён хан аймгийн Наянт вангийн хошууны нутагт мэндэлж, хутагт хувилгаанаар залагдан, Манзуширын хийдэд бага наснаасаа эхлэн суусан гэдэг. Манзушир хутагт Цэрэндорж нь VIII Богд Жавзандамба хутагттай хамт 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд  идэвхтэй оролцжээ. Тэрбээр гавж, аграмбын мяндаг хамгаалсан эрдэмтэй лам хүн байсан бөгөөд 1937 онд Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг хэмээх хилс хэрэгт буруутгагдан хороогджээ.

Эдүгээ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхадын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурханыг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл бий. Сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангын үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 см, гүн нь 140 см, багтаамж нь 1800 л, хүнд нь 2 тн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.

Хүрээний ардууд эртнээс нааш Богд хан уулыг “Хөдлөхгүй хүй мандал, ширгэшгүй рашаан ундарга, гандашгүй ганган цэцэг” хэмээн хүндэтгэж ирсэн. 1808 онд Монголд ирсэн Оросын Грибовский “Хүрээний ардууд Богд хан уулнаасаа зомгол ч авдаггүй, навц цэцгийг нь ч хөнддөггүй” хэмээн тэмдэглэсэн байдаг. Богд гэдэг нь “оройн дээд” гэсэн утга бөгөөд хүрээний сүсэгтнүүд жилд 2 удаа тойрч гороолдог байв. Богд уулыг нэг удаа тойроход 3 жилийн нас нэмдэг хэмээн итгэдэг.

Домгоор бол, Манзушир ламтан Богд хан уулыг тойрч сан тавиад явж байтал одоогийн Манзуширын хийд байгаа газарт сангийн утаа нь эгц дээшээ хөөрч байв гэнэ. Түүнд ихэд бэлгэшээн газрын эзэн Цагаан өвгөн сахиусны хувилгаан хэмээгдэх Тулгат өвгөнд очиж газрыг нь гуйтал “өгөхгүй ээ, би энд өвөлжөөгөө барина” гэжээ. Манзушир ламтан хийд орон барих гэж байгаа тухайгаа учирлан нэлээд гуйтал “тэгвэл миний шав тавьсан газрыг олоодох” гэжээ. Манзушир ламтан мөнгөн тэвнэ дээш нь чиглүүлэн шидтэл туссан газар нь алтан зоос байгаад тэр зоосны нүхээр тэвнэ нь гарч зоогджээ. Тэгтэл Тулгат өвгөн “за Манзушир ламтан та энэ газрын эзэн нь мөн юм байна” хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0