Шанхын хийд буюу Баруун
хүрээ хийдийн туурь нь
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4км
орчим зайд Харзан голын баруун эрэгт, Сайхан булгийн дэнж хэмээх газар байдаг.
Энэ хийд анх 1650 онд байгуулагдсан ба хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний
хошууны гол хийд байжээ. 1654 онд номын Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий
уулын өвөр тийш нүүхэд Өндөр гэгээн Занабазар төрсөн дүү Сойвонбилбийдоржид
номын хүрээний гол үндсэн хэсгийн хамт судар бичгүүд, түүх дурсгалын
холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Ийнхүү баруун талд үлдсэн
хийдийн гол хэсгийг “Баруун хүрээ” хэмээн нэрлэх болжээ. Хожим Шанх уулын өвөр
талд байрших болсноор Шанхийн хүрээ гэж нэрлэгджээ.
Тус хүрээний үүссэн түүх нь
Номын хүрээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно. Өндөр гэгээн Занабазар
Баруун хүрээ хийдийн шашны тэргүүнээр заларч олон жил сүсэгтэн олны төлөө буян
тусыг бүтээсээр насан өндөр болох үед Түшээт хан Ванжилдорж бээр өөрийн хөвгүүн
Пунцагравданг гэгээнд өргөсөнд Өндөр гэгээн тэр хөвгүүнийг "Ноён лам"
хэмээн өргөмжлөн Баруун хүрээний шашны эзэн суулгасан байдаг. Тийнхүү Баруун
хүрээ нь Их эзэн Чингис хааны алтан ургийн угсаа, Түшээт ханы хошууны шүтлэг
бишрэлийн гол хийд байж үе улиран залгамжилж залсан Ноён ламууд нь Чингис хааны
алтан ургаас тодорч байсан зэргээс үзэхэд Монголын төр шашин хоёр олон зууны туршид
салшгүй холбоотой байжээ. Тийм ч учраас Чингис
хааны хар, цагаан сүлдийг залж тахидаг “сүлдний өргөө” нь "Хойд бурханы
өргөө" хэмээх шүтээний цогцолборт байрладаг байжээ. Энэ уламжлалыг сэргээж
Шанхын дурсгалт газар "Сарын гол"-ын хөндийд Чингис хааны хар, цагаан
сүлдэт тугны “өргөө цогцолбор”-ыг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Түүхэнд
Түлэнгэ уулын ар, чөдөр голын эрэг, нүүрс толгойн өвөрт байгаа хэмээн тэмдэглэгдсэн
шашин шүтлэг, номын их өргөө бүхий тэр их хийд бэрх цагийн шуурганд сүйтгэгдэн
устаж үгүй болсон хэдий ч "Ноён ламын сүм” буюу Пунцагдоржийн гол дуган
үлдэж хоцорсонд тулгуурлан 1990 онд Баруун хүрээ хийд дахин сэргээгдэж эхэлсэн.
Бурханы шашин шүтэх эрх хязгаарлагдсан он жилүүдэд ч Өндөр гэгээн Занабазарын анхлан
хурсан Цогчин хурлыг тасралтгүй хурсаар ирсэн нь тус хийдийнхний бахархал юм. Баруун
хүрээ хийдэд Халхын их шүтээн Очирваань бурхан, Өндөр гэгээний баринтаг, номын
хувцас, зарим бүтээл бурхад зэрэг ховор нандан үнэт өв, эд зүйлс хадгалагдан
үлдсэн байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах