Баянхонгор аймгийн
Баян-Өндөр сумын нутагт Шинэжинст сумаас баруун тийш 47км орчим зайд
Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошуунд харъяалагдаж байсан
тус хийд нь 250 гаруй жилийн түүхтэй. Хийдийг Манжийн хааны тэнгэр
тэтгэсний XY он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх
үүсгэж Цогчин дуган байгуулж, мөн жилдээ Цогчин хуруулж усан туулай
жилээс (1795) хайлан хурал эхэлжээ.
Анх
хийдийг байгуулах газрыг сонгохдоо усан тэлмэн жороо морь унасан 9
ламтан газар шинжин нааш цааш явах үед, тэр хавьд эртнээс нутагласан
нэгэн ядуу өвгөн эмгэн хоёрын гэрийн үүдээр өнгөрч явтал ямаагаа сааж
суух зуураа тэднийг гайхан харсан 2 хөгшин хөнөгтэй сүүгээ асгачихсан
гэнэ. Сүү асгарсан газрыг сайн хэмээн 9 лам ихэд бэлгэшээж тэнд хийдээ
байгуулахаар тогтжээ. Энэ хийд бол баруун өмнөд хязгаарын хамгийн том
хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо
монгол бичгийн сургууль, жасаа, тамгийн газар, хятадын худалдааны 15
пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ
Монголд 3-рт орохуйц томоохон суурин байв. 1904 онд XIII Далай лам
Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянт хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан
мэдээ байдаг. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан
бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дугана барихыг зөвлөж, хийд
барих газрыг зааж шав тавьсан байна. Уг шавын чулуу нь одоо хийдэд
бий. Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн
овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид
мөргөж сүсэглэдэг. Өөр нэг сонирхолтой баримт дэлгэхэд нэрт зураач
Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан
байдаг.
2001
оны өвөл МУ-ын ерөнхийлөгч Н.Багабанди хийдэд зочилж, Энэтхэгийн
Бодгаяад бүтээлгэсэн Дарь-Эхийг залсан. Амарбуянт хийд нь байгуулагдсан
цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр мөн Хөх
Хот, Өрөмч, Ховд, Улиастай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол
зангилаа болж өгч байсан эл хотын хөгжилд томоохон түлхэц өгч байсан
боловч 1920-иод оноос хойш Монгол улс урд хилээ хааснаас шалгаалж гол
үүрэг роль нь багассан байдаг. Амарбуянт хийдийг 1937 оны
хэлмэгдүүлэлтийн үед хийдийг нураасан байдаг. Ийм ч учраас энэ хийдийн
талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй бас мэдээлэл бага байдаг.