АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД

Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ.

Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байжээ. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг.  

Цогчин дуган нь 32 х 32 метр хэмжээ бүхий талбайтай,  2 давхар барилга бөгөөд ур хийц, гоёл чимэглэлийн хувьд Монголд төдийгүй Азид хосгүй гоёмсог уран барилга юм. Дуганд байх 4 том гол багана нь голоороо ховилтойгоор хийгдсэн байдаг нь дээвэр дээрхи бороо цасны усыг гадагш зайлуулах үүрэгтэй ажээ. Тус хийдийг барьж байгуулахад оролцсон уран дархчуулд манжийн Энх-Амгалан хааны зарлигаар “Билигт дархан”, “Хэтэрхий зоригт дархан”, “Нягт хичээнгүй мужаан”, “Хурц дархан”, “Гоц уран”, “Арга билэгт мужаан”, “Ачит дархан” зэрэг цолыг тус тус олгож, лан мөнгө, хонь мал зэргээр урамшуулжээ.


Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих зан үйл хийдэг. Гонгорын бумбын хурлыг жил бүрийн 8 дугаар сард хийх бөгөөд Бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг байна. Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гээд нарийн нандин зүйлс ордог. Бүтээлгэсэн хүн нь бумбаа жилд нэг удаа тахиулдаг бөгөөд хир буртаг оруулахгүй, хамаагүй хөдөлгөж эдэлдэггүй байна. Дахин тахиулахдаа энэ хийд дээр авчирч тахиулдаг. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас цэвэр цагаан мөнгөөр бүтээлгэх нь их байдаг. Гонгорын бумбыг “баяжихын бумба” гэдэг. Бумбыг бүтээлгэснээр буян хишиг арвижиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг болдог ажээ.


Жарун хашор суварга Амарбаясгалант хийдийн дэргэд Жарүн хашор буюу “Ам алдсан” хэмээх том суварга босгожээ. Энэ суваргын талаар ийм нэгэн домог байдаг. Өгөөмөр сэтгэлт нэгэн эмгэн буян хураахын тулд суварга босгохоор шийдэж хаанаас зөвшөөрөл хүсэхэд ”хүссэнээ хий” гэжээ. Нөгөө эмгэн дөрвөн хүү, нэг зарцын хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед, нутгийн ноёдууд “ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд нь халтай” гэж үзэж суварга босгохыг нь болиулахын тулд хаанд айлтгал өргөжээ. Тэгтэл хаан “Хаан нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцахгүй” гэж хариу хэлжээ. Үүнээс үүдэн уг суваргыг “Ам алдсан” буюу Жарүн хашор гэж нэрлэсэн гэнэ. Ийм суварга бүтээх үйлсийг Амарбаясгалант хийд нутаг дэвсгэр дээр нь оршдог Баруунбүрэн сумын харъяат О.Бадам, Д.Пагважав нар санаачилжээ. Мөн тус суваргыг Нүдэн суварга гэж нэрлэдэг бөгөөд мөргөж залбирхаар ирсэн хүн нүд рүү нь ширтэн харах юм бол нүгэл хилэнцээс салдаг хэмээн ярьдаг. Суварга тойруулан сүсэгтэн олны хандиваар 108 хүрдийг залсан байх агаад хүрд бүрт Г.Занабазарын бүтээсэн “Соёмбо”-ыг товойлгон дүрсэлжээ.


Энэхүү суваргын ард Богд зонховын сэргэг дүрийг 13 метр өндөртэйгөөр бүтээж, хоёр шавь болох Жалцавжий, Хайдавжийг залжээ. Богд Зонхов хүртэл 108 шат үргэлжлэх бөгөөд замын дунд 3 удаа түр амсхийн эргүүлэх 3 хүрд байрлуулжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0