Архангай аймгийн Тариат,
Өндөр-Улаан сумын нутаг дахь Чулуут гол нь Хангайн нурууны Эгийн даваанаас эх
авч хойшоо 415 километр урсаад Идэр, Дэлгэр мөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн
болдог. Чулуут гол Тээлийн голын адгаас Ацатын гол хүртэл 100 километр, 20-иод метр эгц гүнзгий хүрмэн чулуун хавцал
дундуур урсдаг. Хүрмэн чулуу нь Хорго, ойр
хавийн галт уулаас бялхан гарсан магма юм. Чулуут Суман голын бэлчирээс
доош ойрхон орших газар эгц хадан босго байдаг бөгөөд тийшээ бяцхан хүрхрээ
буудаг. Үүнийг Чойдогийн боргио гэдэг бөгөөд Чулуут гол болон Сэлэнгийн сав
газрын загас цугларч боргионы өөд үсрэн дүүлэх нь сонирхолтой. Чулуут голд Тэрхийн
цагаан нуураас эх авдаг Суман гол болон Алтайдын гол, Асайтын гол, Яргайтын голууд
цутгадаг.
Чулуут голын
хавцалд гидрокарбонат, сульфат, натрийн найрлагатай сайн рашаан булгууд болон
шинэ чулуун зэвсэг болон хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг элбэг байдаг. Тэдгээр
сүг зурагт төрж буй 6 эмэгтэй хүнийг дүрсэлснээс гадна нум сум харваж буй хүн,
сүрэг буга, янгир, гараа өргөн зогсож буй хүн, үхэрнүүд, аргаль угалз, эрэгтэй
хүмүүсийг хажуу талаас нь харуулсан байдалтайгаар, багтай хүн гэх мэт сонин
дүрслэлүүд байдаг. Эдгээр дурсгалыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.