Монгол-Зөвлөлтийн
дайчид 1939 онд Халхгол орчимд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалтад
зориулан энэхүү сүр жавхлант хөшөөг түүхэн ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан
Чойбалсан хотод 1989 оны 7-р сард бүтээн босгожээ. Цагаан
гантигаар Ялалтын хаалгыг сүндэрлүүлж, орой дээр нь алтан соёмбыг залсан
байдаг. Ялалтын хаалганы гол тэнхлэгээс сум мэт дүүлэн, эх орныхоо дархан хил
хязгаарыг баатарлагаар хамгаалсан монгол цэрэг, дайчин эрийн хөшөөг морь унасан
байдалтайгаар аранжан зэсээр сүрлэг дүрсэлжээ. Ялалтын
хаалганы хананы дотор талд номин цэнхэр өнгөөр Халх голын урсгал усыг дүрсэлж,
хөшөөний ард талд нум хэлбэртэй хоёр хананд дайн ба ялалтын утгыг илэрхийлсэн өнгөт
шилэн шигтгэмэлээр Халхголын дайн эхэлсэн анхны өдрөөс дуусах хүртэлх баатарлаг
үйл явдлыг дүрслэн харуулжээ.
Эл сүр
жавхлант хөшөөг БНМАУ-ын төрийн шагналт, архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж,
уран барималч Л.Бэхбат, зураагч Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хамт олны
бүтээсэн төслөөр барьжээ. Хөшөөг
бүтээхэд Дорнод аймгийн барилгын цэргийн 030-р анги, чулуу олзворлолын
үйлдвэрийн хамт олон оролцсон байна. Хөшөөний баруун, зүүн талд 1939 оны
байлдааны түүхэн газар Ремизовын өндөрлөгөөс зүүн урагш 1.5 км зайд газрын хөрсөнд
50 жил хадгалагдсан хүнд хуягт машин, БТ-7 танкийг авчирч байрлуулжээ.