Монгол, Зөвлөлтийн баатарлаг
дайчдын мөнхийн гавъяат үйлсэд зориулан Халхголын ялалтын 45 жилийн ойг
тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Хөшөө нь 54 метр
өндөр, 33 метр өргөн, 110 тонн жинтэй, дан аранжин зэсээр хийжээ. Эл хөшөөг
ЗСБНХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Москва хотын алдарт
уран барималч, ЮНЕСКО-гийн шагналт А.Н.Бурганов, архитекторч Л.В.Сиожников
нарын төслөөр байгуулжээ. Монгол-Зөвлөлтийн ах дүү армиудын баатарлаг ялалтад
зориулан энэ хөшөөг бүтээсний учир А.Н.Бурганов, Л.В.Мисожников, Монголын архитекторч
Д.Чойжилжав нарыг 1986 онд БНМАУ-ын Төрийн шагналаар шагнасан юм.
Эл сүрлэг хөшөө
нь Монгол-Зөвлөлтийн нам, ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал нөхөрлөл, ах
дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болон сүндэрлэж байдаг. Гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон
Монгол-Зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай монгол эмэгтэйн
дүрсийг урласан байдаг. Гол баганын хоёр талд байх зэс цутгамал тугны дүрс
бүхий ханан дээр тус байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид,
нисгэгчдийн дүр төрх, тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлж
тухайн үеийн тулалдааны уур амьсгал, дүр төрхийг илэрхийлж, энэ эрх чөлөө ямар
их үнээр олдсоныг илтгэн харуулдаг.