ТАМСАГБУЛАГ

Чойбалсан хотын төвөөс зүүн урагш 258 км, Сангийн далай, Вангийн цагаан уулнаас зүүн тийш 45 км газарт оршино. Тамсагбулаг гэдэг нь То вангийн хошууны төвийн сууриас урагш 10 орчим км зайд, Түгээмэлийн булгаас зүүн тийш 5 км орчим газарт хойшоо харсан эргэцгээс ундран гарах булгийг хэлдэг.

Тамсагбулагийн хоолойд 2 метр шахам өндөр хулс ургадаг бөгөөд булгийн ус энд шингэдэг. Тогтохтөр Вангийн үед энэ газарт олон арван сүм хийд, орд, харш, сургууль соёлын газрууд байсны дотор Түмэн-Өлзийт овооны орчим 1794 онд байгуулагдсан 1000 орчим лам хуваргатай Тамсагийн хийд,  То вангийн байгуулсан Нан хай Будда, Чойнхордэгчинлэн буюу хамгийг хамгаалагч Утай таван уул, Соёлыг бадруулагч зэрэг томоохон сүм хийдүүд байсныг 1915 онд харчин цэргүүд Тамсагбулагийг түйвээхдээ эвдэж сүйтгэжээ.

То ван хошуундаа 11 жижиг дацанг нийлүүлж 300 гаруй лам нарыг Түмэн-Өлзийт овооны дуганд цуглуулж Соёлыг бадруулагч сүмд төвлөрүүлж байсан байна. Соёлыг бадруулагч сүм нь 3 хэсгээс бүрдэх үзэсгэлэнтэй сайхан сүм байжээ.1922 онд Тамсагбулагт зүүн хязгаарын сайдын яам байснаас гадна Монголын Дорнод хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийн 15 дугаар морьт суман байсан нь өргөжиж 1932 онд 6 дугаар морьт дивиз болон зохион байгуулагджээ. 1935 оны 1-р сарын 24-нд Японы хэсэг цэрэг Халхын сүмийн харуулаар Монгол улсын хилийг нэвтрэн хилийн будлиан үүсгэн улмаар зэвсэгт мөргөлдөөн өдөөхөд эрэлхэгээр амиа өргөсөн штабын дарга Д.Дондов, харуулын дарга Г.Янжин нарыг Тамсагийн хамгийн хүндтэй өндөрлөг болох Түмэн-Өлзийт овооны наран ээвэр энгэрт нутаглуулж тэдний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын сүмийн харуулыг “Д.Дондовын нэрэмжит харуул” хэмээн нэрлэх болсон түүхтэй. Тамсагбулаг нь Халхголын байлдааны бэлтгэл гол түшиц газар болж байсан учраас дайны ул мөрийг хадгалсан нуувч, сувгуудын үлдэгдэл энд тэндгүй мэдэгддэг.


Эх сурвалж: Дорнод аймгийн Аялал жуулчлал. Б.Доржпүрэв

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0