Одоогийн Дорнод, Сүхбаатар аймагт Зотол хан, Матад хан, Дархан хан гэсэн гурван уул ойролцоо оршдог.
Домогт өгүүлснээр, урьд цагт Зотол хан, Матад хан, Дархан хан гурван уул нэг
уул байж гэнэ. Мөн тэр үед энэ уулын нутагт гурван хүүтэй нэг хатагин хүн амьдарч
байжээ. Тэрбээр нас өтөлж ирэхийн үед гурван хүүдээ мал, хөрөнгө, нутаг усаа
хувааж өгч, гурван хошуу болгож гэнэ. Тийм учраас Хурц вангийн хошуу
/Эрдэнэцагаан сум/, Үйзэн вангийн хошуу /Матад сум/, Ёст бэйсийн хошуу
/Сүхбаатар сум/ гэсэн гурван хошуу тогтсон гэнэ.
Харин гурван хүүгээс хойш хатагинууд
нөгөөх уулаа булаацалдаж гэнэ. Гэтэл хатагины нэг баатар илдээ сугалж аваад
уулынхаа оройг нь цавчаад баруун урагш шидсэн нь Зотол хан болж, дунд хэсгийг
нь цавчаад зүүн тийш шидсэн нь Матад хан болсон гэнэ. Суурь хэсэг нь байсан
газартаа үлдсэн нь Дархан хан болж гэнэ. Зотол хан бол нөгөөх уулын оройн хэсэг
учраас их шовх өндөр байдгийн учир тэр гэнэ. Матад хан дунд бие нь учраас
тойруулсан хана маягтай тогтсоны учир тэр гэнэ. Дархан хан ёроол нь учраас
өргөн оройтой байдаг гэнэ. Эдгээр гурван уул нэг уул байсан учраас гурван биеэ
дандаа харж байдаг гэдэг домогтой.