АРДАГ ХҮРЭН
Монгол улсын зүүн хил орчмоор
цувран тогтсон Алтан эмээл, Ардаг хүрэн, Хонгор нэртэй өндөрлөгүүд бий. Эрт
цагт монгол угсааны хааны охиныг Манжийн хаан хатан болгож авсан ажээ. Тэр
хатан харийн нутгаас эх нутгаа санагалзан төрсөн нутагтаа буцах ёсгүйг умартан,
нутгаас унаж очсон ардаг хүрэн мориндоо алтан эмээл тохож, хонгор морио хөтлөн
эх нутаг руугаа зугтаасанд Манжийн хаан хилэгнэж, гүйцсэн газраа толгойг нь ав
гэж тушаан хойноос нь цэрэг хөөлгөжээ. Хатан хөтөлгөө морио сэлгэн унасаар гүйцэгдэлгүй
явж нутагтаа ороод хонгор морио орхиж алтан эмээлээ Хэрлэн голд хаяад Ардаг
хүрнээ зайдан унаж амьд мэнд гарч ард олонтойгоо золгосон байна. Авч хаясан
алтан эмээл нь усанд урсалгүй тэндээ тогтож ардаг хүрэн морь нь алтан
эмээлийнхээ зэргэд идээшилж байсан ажээ. Энэ мэт унасан газар угаасан ус нь
ямар ч амьтанд хамгаас эрхэм юм гэдгийг хязгаар нутгийнхан энэ домгоор жишээ
болгон ярьдаг байна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах