ТУГ УУЛ БА ТУГИЙН СҮМ

Дорнод аймгийн Булган сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 75 км, Булган сумын төвөөс 30 км зайд “Тугийн овоо” гэж Чингис хааны түүхэнд холбогдох эртний тахилгатай газар оршино. Чингис хаан Зүрчидийн Алтан улстай байлдаад буцаж явах замдаа буудаллаж одоогийн энэ Туг ууланд цэргийн хар сүлдээ байрлуулж байсан гэдэг. “Тугийн сүм”-ийг энэ үйл явдлын дурсгалд зориулан хожим Туг ууланд 1784 онд байгуулжээ. Энэ сүмийг Минжүүрдорж бэйс байгуулсан болов уу гэж үздэг. Уг сүмийн дотор Чингис хаан болон түүний есөн өрлөгийн дүр бүхий баримал байсан гэдэг. Халхын Сэцэн ханы ноёдууд хурал чуулганаа Туг уулын архан талд барьсан “Хөх гэр” хэмээх орд өргөөнд хийдэг байсан гэдэг. 1940-өөд оны үед тэр гэрйн униар хонины хашаа хийсэн айлууд үзэгддэг байсан гэсэн яриа бий.

Аман мэдээгээр бол, 1800-аад оны эхээр Хэрлэн Барс хотын урд байх Ширээгийн Улаан эрэг гэдэг газарт зүүн урд зүгээс, нэлээн холоос ирсэн байдалтай, үхэр тэрэгнийхээ араас 7 улаан ямаа чөрхөлсөн, Улаан Чавганц гэдэг нэртэй их мэргэн түргэн, шинжээч хүн ирж, дүнчүүр маань болгоожээ. Тэр хүн Улаан эрэг болон Ширээгийн дэвсэгийг үзээд “энэ их айхтар чухал газар байна, энд би долоо хоног сууна” гэжээ. Бага зэрэг уушигны мэнгэртэй хүн байсан тул ард нь байх Ширээгийн рашаанаас хүртээд “энэ товцог дээр гурван чулуу тавьчихъя, энд тэртэй тэргүй овоо босно, энэ урд талын жижигхэн бомбогор толгойн дээр удахгүй том сүм босно” гэж хэлээд тэр Улаан Чавганц яваад өгчээ.

Энэхүү яригдаж буй газар бол Дорнод аймгийн Булган сумын нутаг, хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу болон Чин Ачит вангийн хошууны заагт Хэрлэн голын урд хөвөөнд Баян-Эрхт уулын орой дээр баригдсан “Чингисийн Тугийн сүм” юм.  

Улаан Чавганцаас хойш хожим энд лам нар ирж лусын бумба булсан бөгөөд тухайн үед одоогийн Туг уулыг “Баян эрхт” гэж нэрлэдэггүй, “Бор толгой” гэдэг байжээ. Газар шинжсэн хуврагууд “энэ газар хэвтэж буй барсын дүртэй юм байна, харин энэ “Бор толгой” бол барсын зүрх нь болох газар байна” хэмээн шинжсэн ажээ. Монгол угсаат эртний киданчууд энд хот байгуулахдаа “Хэрлэн Барс хот” хэмээсэн нь нутгийн ус мөрний нэрийг газрын шинж байдалтай хослуулсан нь илт байна.

Харин Бор толгойн баруун урд дор Насан шүүлэнгийнх гэх 3 хүүтэй айл буусан байсан ба газар шинжсэн хуврагууд хурга хариулж явсан дундах хүүтэй нь таарч “хүүгийн нэр хэн билээ” гэсэнд “миний нэрийг Баян-Эрхт гэдэг” гэж гацаж түүртэлгүй шууд хариулсан гэдэг. Хүүгийн сэргэлэн цовоо байдал, утга агуулга төгөлдөр нэрийг бэлгэшээн үзэж “Бор толгой” хэмээх нэрийг халаад “Баян-Эрхт” гэдэг нэр өргөжээ. Түүнээс хойш Насан шүүлэнгийнх ихэд дэвжиж амьдрал нь рашаан булаг мэт ундарсан гэлцдэг.

Чингис хаан Зүрчидын Алтан улс руу аян дайн хийгээд буцах замдаа Буйр нуураар дайрч, Хэрлэн голын сав дагуу одоогийн Туг уулын баруун хойхно байх тэгшхэн дэвсэг дээр буудаллаж идээ цайны дээж өргөөд, Туг уулын толгой дээр “цэргийн хар сүлд”-ээ залж тахисан гэдэг. Эртний ийм ерөөлтэй учраас хожим Чингис хааны Тугийн сүмийг байгуулсан байх гэж үздэг. Харин их хааны буудалласан гэх тэгшхэн дэвсэг дээр Сэцэн хан аймгийн ноёдын чуулган болдог байжээ.

Тугийн сүмийн тэнд гурван жижигхэн бүрд байх агаад олон зүйл шувууд цугладаг, буга согоо гүйж ирээд ойр хавиар нь хэд хоног байж байгаад тэндээс хоёр өртөө хэртэй урагшилж, байргашин үржээд, тавь жаран тоо толгойд хүрч өсдөг байжээ. Туг уулын араар чоно элбэгтэй байсан ч эдүгээ цөөрчээ. Хуучин цагийн шүтлэгтэй “амьтны диваажин” мэт энэ нутгийг өнөөгийн зах зээл рүү шилжих үед ан амьтныг нь хайр найргүй хядаад байхгүй болгочихсон гэдэг. Энэ бүхнээс үзэхэд “Туг уул”, “Чингисийн Тугийн сүм” хэмээх дурсгал бол Улаан эрэг, Ширээт дэвсэг, гурван жижиг бүрд, ан амьтан, жигүүртэн шувуудтайгаа хамт “байгаль түүх соёлын хосгүй нэгэн цогцолбор” газар байжээ.

Архивын баримтаас үзэхэд, “Туг-Чингисийн сүм”-ийг Түгээмэл Элбэгтийн 11-р он буюу 1861 онд бүтээх ерөөл зарлиг бууж “нордов бүтээх” тухай тусгайлан заажээ. “Нордов бүтээх” гэдэг нь төвд хэлний “эд эрдэнэ бүтээх” гэсэн утга бөгөөд Чингис хааны хөрөг дүрийг тахихад хэрэгтэй тахилын эд хэрэгслийг өгүүлж байжээ. Хожим 1937 оны цөвүүн цаг ирж Тугийн сүмийг буулгах үед Чингис хааны шуумал хөрөг нь хаалгаар багтахгүй байсан тул цээж болон бөгсөн биеэр нь салгаж нэг үзээд, сүүлд нь тэргүүнийг нь тасалж байж гаргасан гэдэг. Тэгэхээр Тугийн сүмийг барихын өмнө Чингис хааны баримал дүрийг бүтээсний дараа дээрээс нь сүмийн барилгыг барьсан байх магадлалтай ажээ.

Эх сурвалж: МУ-ын Ардын багш, ШУ-ын гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0