БААТАР ТОЛГОЙ

Урьд цагт манжийн цэргүүд монголчуудаас үлэмж хэмжээний мал сүрэг дээрэмдэн одох үед Бабаж гэгч баатар нэхэн мөрдөж манж цэргүүдийг дийлээд баахан мал сүргээ буцаан авч нутаг руугаа туужээ. Замдаа Улз голын хойд биед ухаа зүсмийн шар алж идсэн тул тэр замыг “ухаа шар” гэж нэрлэв. Тэндээс холдож амжаагүй байтал нэг ухаагч үнээ тугалласан тул тэр газрыг “ухаагч үнээ” гэж нэрлэсэн ажээ. Цааш явж байтал араас нь манж нар хөөж гэнэ. Бабаж баатар нарсан ой ургасан нэг толгой дээр гараад зогсож байгаад сумныхаа зэвэнд цаас наагаад дээр нь “миний  цэрэг энэ” гэж бичээд харвасанд олон цэргийн зэрэг харвасан сум мэт шунгинан иржээ. Манж нар түүнийг хараад сүрдэн зугтаасан гэдэг. Бабаж баатарын зогсож байсан тэр толгойг “Баатар толгой” гэж нэрлээд манж нарын буцсан газрыг “Гэдрэг нарс” хэмээжээ. Энэхүү газар нь одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багаас хойш байдаг аж.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0