Гурван тэс сумын нутагт, сумын төвөөс баруун хойш 96 км, аймгийн төвөөс баруун
тийш 400 орчим км зайд орших ундны цэвэр
усны гол нөөц газар. Эртнээс нааш говийн
жижигхэн баянбүрд хавийн зэрлэг амьтад ,
шувууд, хүн малын амьдралыг тэтгэж ирсэн
боловч сүүлийн жилүүдэд ойр хавьд нь айл бараг нутаглахаа больсон. Олон жилийн турш гадаад, дотоодын үлэг гүрвэлийн судлаачид, хайгуул
шинжилгээний ангийхан, жуулчдын буудаг түшиц газар байсан нь одоо ч хэвээрээ
байна.
Говийн ердийн л толгодын адил толгойн бараг орой дээр шахуу дороосоо ундаргатай
цэнгэг устай булаг оргилон байсныг хожим хэн нэгэн хүн урт төмөр хоолой
шургуулан орхисон нь одоо ч хэвээрээ
байдаг. Булгийн ундаргын хурд 5 л секунд
хүрнэ. Энэ нь говийн нөхцөлд томоохон үзүүлэлт болдог. Булгийн эргэн тойронд
Сибирь Хармаг (Nitraria sibirica, Pall), Улаан гоёо (Cynomoriom soongaricum Rupr), Бажууна - Намхан
гишүүнэ (Rheum nanum Sievers), Хулангийн ундаа (Zypophyllum Potanini Maxim), Аргалийн ундаа – Потанины хотир (Zygophyllum
Potaninii) Maxim-ийн гялгар дэрс (Avhnatherum
splendens Nevski), Ширэг (Carex
duriuscula) зэрэг ургамалтай. Булгийн дэргэд ширэг дагаж буудаллавал өглөө
оройдоо нэлээд шумуултай учир зайдуу байрлах нь дээр. Наран даацаас чанх хойш
30 орчим км зайд Алтан уул харагдана. Алтан уулын өвөр хонгилууд нь үлэг
гүрвэлийн олдвор бүхий нутаг бөгөөд Наран даац, Алтан уулын орчин нь Улсын
тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд
хамаардаг.
Алтан уулын баруун хойд ар дээр орших Торомхоны булгийн орчинд өнөөгийн МАК
компаний алтны уурхай байдаг. Говь
гурван сайхан - Байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг анхлан тогтоох үед
тэр үеийн УИХ-ын гишүүдийн хайнга байдлаас болж энэ орчныг Улсын тусгай
хамгаалалтанд оруулалгүй үлдээсэн байдаг.
Наран даац нь аймгийн төв, Хонгорын элснээс говийн баруун бүс нутаг руу аялах, Наран даацаас баруун
тийш Хэрмэн цав, Зуун мод Зулганай, Шаригийн ганга, Тосон бумбын нуруу, хойшоо
Баянхонгорын зүгт аялах холын аяллуудын гол түшиц газар болдог. Наран даац нь
гадаад, дотоодын үлэг гүрвэл судлаачид, сонирхогчдын групп ирж байрладаг гол
газрын нэг юм. Одоогоор ямар нэгэн жуулчны бааз, дамжин өнгөрөх цэг
байгуулаагүй ч Жуулчин говь, Говийн гурван тэмээ баазууд хээрийн кэмп байгуулан
ажилладаг.
Наран даацын эргэн тойрон дахь цав, цонжуудад элдэв төрлийн үлэг гүрвэл,
эртний амьтан ургамлын үлдэгдэл өнөөг хүртэл байсаар судлагдсаар байна.