Зүүн сайхан
уулын Ёлын амнаас урагш 7 км, аймгийн төвөөс 36 км зайд Мухар шивэртийн ам бий.
Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэгд багтдаг бөгөөд гадаад дотоодын аялагчдын
сонирхдог газар болсон. Зүүн сайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам юм. 10
орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их
хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны ид дунд
үе хүртэл мөстэйгөө байх нь бий.
Уулын гүн рүү машинаар орж тусгай тэмдэг тавьсан
машины зогсоолоос цааш 750 м явган алхаж Мухар Шивэртийн эхэнд хүрнэ. Алхах замд
хоёр хажуугийн хадат уулсын оройд харагдах янз бүрийн амьтан шувууны дүрс хэлбэрийг
сонирхож болно. Тэдгээр байгалийн чулуун урлалд тайлбар хийж, Мухар Шивэртийн
орчныг хамгаалах ажлыг орон нутгийн иргэд хариуцан ажилладаг.
Тус амны өндөр
оргилуудад Ооч Ёл байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан
тэмдэглэгээний дагуу аялахыг зөвлөдөг. Энэ
нь Ёл шувууг үргэж дайжихгүй байхад тустай, мөн зэрлэг амьтад, шувуудыг
хамгаалахад томоохон хувь нэмэр болно. Ёлын
амтай нэг салбар уулс учир өглөө эрт, оройн нар буух үед анхааралтай ажиглаж
явбал Мухарт Шивэртийн аманд цөөнгүй зэрлэг амьтан, шувуудыг харах боломжтой.