Дорнод аймгийн
Сангийн далай нуур нь Чойбалсан хотоос зүүн урагш 240 км, Вангийн цагаан
уулнаас хойш 25 км газарт бий. Зууван хэлбэртэй, урт нь 3.2 км, өргөн нь 2 км.
Манай оронд 170 гаруй давстай нуур байдаг ба Сангийн далай нь хоолны давс,
шүүтэй томоохон нөөц ордын тоонд багтана.
Сангийн далай нууранд 1943 – 1976 онд
Монгол, Зөвлөлтийн 10 гаруй хими, геологийн эрдэмтэдийн судалгаа хийгдэж улс
ардын аж ахуйд чухал ач холбогдолтой болохыг нь тогтоожээ. Нуурын усжих талбайн
шорвог усны доод талд 2-15см хүртэл зузаантай хоолны давсны хурдас буй. Судалгааны
явцад эрт галавын үед үүссэн нуур болох нь тогтоогдсон бөгөөд нэлээд том
хэмжээтэй байсан байна. Нуурын гүн 16 метр хүртэл байсан ба хожмын хувирлын
дүнд 15м хүртэл зузаантай мөсөн шүү талсжиж тогтсон ажээ. Нуурын тогоонд ач
холбогдол бүхий лаг шавар агуулагдаж байгаа нь тогтоогдсон ба үүний ачаар
нуурын давсны нөөц баяждаг аж. Геологичдын тогтоосноор Сангийн далай нууранд
220.7 мянган тонн хоолны давс, 5860 мянган тонн шүүний нөөц бий. Эрдэмтэдийн судалгаагаар
усан сангийн аргаар байгалийн цэвэр хоолны давс гарган авах, хурдас давсыг хэд
хэдэн шат дамжуулан боловсруулах аргаар экстра давс гарган авч болохыг
тогтоожээ. Цельсийн 20 хэмийн дулаантай үед хоолны давс, 15-аас доош дулаантай
үед хоолны давс, шүү хоёр холилдон талсждаг байна.
Домогт
өгүүлснээр, Халхын То ван Манжийн өвөрлөгч хошууны ноёнтой 1000 тэрэг давсны
оронд мянган бяруу өгөхөөр хоног хугацаа хатуу товлон хэлцэл байгуулжээ. Гэтэл
өвөрлөгч хошууныхан амласан хугацаанаасаа хоцорч ирж гэнэ. То ван “та нар
хоцорч ирсэн тул мянган бяруу байхгүй, бас манай давсны хэрэгцээ хангагдсан,
одоо наад давсаа аваад буц” хэмээжээ. Манж ноёнтон “бид энэ хүнд ачааг авч
буцаад яах вэ, энд нь асгачихъя” гэж гуйхад “битгий нутаг ус бузарлачих гээд
бай” хэмээн огт халгаалгүй нэлээд гуйлгасны эцэст То ван “тэгвэл асгах газрыг
нь би зааж өгье” гээд Сангийн далайн тойром усанд хийлгүүлжээ. Ингэж дорнод
нутгийнхан цэвэр давс ургуулах давсны орд газартай болжээ.
Дашрамд
дурдахад, хүнсний зориулалтаар хэрэглэгддэг нуурын болон уулын
гэсэн хоёр төрөл давс байдаг. Мөн давсыг уламжлалт анагаах ухаанд хэрэглэхээс
гадна цахилгаан станцын усыг зөөлрүүлэх, малын тэжээлд нэмэлт болгох, арьс шир
боловсруулах зориулалтаар жилд 30 мянган тонныг хэрэглэдэг. Монгол орны нуурын
болон уулын давсны найрлаганд натри 96% орчим,
үлдсэн 4% нь хүний биенд хэрэгтэй магни, кали, хүхэр зэрэг элементүүд
байдгаараа онцлог. Нуурын давс усан дотроо ургаж бий болдог учраас шавхагдашгүй
баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, элдэв хорхой гэх мэт организмууд
нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг ажээ. Хавар 4-6 сар, намар 9-11 сард давс
олборлоход сайн чанартай байдаг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах