ИХЭСИЙН ГАЗАР

Өнөөдрийг хүртэл Монголын нутаг дэвсгэрээс Монголын Алтан урагийн хаадын нэг ч булш олдоогүй байна. Энэ нь нууцлалтай холбоотой бөгөөд монголчууд хаадынхаа булшийг нууцалж чадсан тэр агуу хүчний учрыг бага боловч тайлахыг хүсдэг эрдэмтэд бий.

Хүннүгийн төрт улсын үе хүртэл хаад язгууртны булшийг сүрлэг том хэмжээтэй чулуун байгууламжтай хийж байсан нь тэдэнд үзүүлж байсан хүндэтгэл юм. Булшнаас хангалттай их эд өлгийн зүйл гардаг бол хүүхдийн оршуулгаас эд хөрөнгө гардаггүй. Эхнэр, хатад, боолуудыг нь хамт булшилдаг байсан нь хүннү, түрэг, уйгар төрд байсан эмгэнэлтэй зан үйл ажээ. Хүннүгийн язгууртныг дагалдуулж 28 хүртэл хүнийг оршуулсан байсан ба тэдгээр нь 7 сартайгаас 45 настай хүмүүс байжээ. Тэд нэг гэр бүлийн биш, өөр өөр гэр бүлийнх гэдэг нь генетикийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Мөн хатад, албатуудын булшинд эд хөрөнгийг нь хүссэн хэмжээгээр нь дагалдуулсан байдаг. Гэвч энэ нь хожмын хүмүүс, тухайн цаг үеийн сөргөлдөгч нарынх нь тонон дээрэмдэх гол шалтгаан болж байжээ.

Сяньби-гийн үеэс эхлэн ихэс дээдсийн оршуулгыг үйлдэхдээ шороон дараас хийх, нууцлан далдлах аргыг хэрэглэж эхэлсэн байна. Оршуулга, тайлга тахилгын зан үйлийг хамтад нь хийдэг байсан уламжлал өөрчлөгдөж оршуулгын байгууламжийг далд нууц байдлаар хийгээд тайлга тахилгын зан үйлийг ил хийх хэлбэр рүү аажмаар шилжжээ.

Түрэг, Уйгурын үеэс хаад язгууртны оршуулга ба тахилгыг тусад нь хийх болсноор хаадын оршуулга нууцлагдах болжээ. Оршуулгын байгууламж хийхдээ газрын гүнд бунхан хийж, түүнийг дарж булахдаа дээр нь чулуу ашиглахгүйгээр шороон дараас хийдэг нь хожим ердийн нэг овгор шороо мэт харагддаг байсан тул ард түмэн “Шороон бумбагар”, “Өндөрхангай ”, “Хангай” гэх мэтээр цээрлэн нэрлэж иржээ. Мөн оршуулгын байгууламжуудаас зүүн урагш ойролцоогоор 120-150км зайд хүн чулуун хөшөө бүхий тайлга, тахилын нүсэр байгууламжууд барьж, жил бүр тайлга, тахилга хийж байсан баримт нэлээд бий.  

Монголын их хаадыг нууцлан оршуулсан тухай олон таамаг, судалгаа байдаг боловч одоо хүртэл нэгдсэн санал дүгнэлтэнд хүрээгүй. Гэвч зарим түүхэн сурвалжид мэдээлснээр бол “... мянган адуугаар гишгүүлсэн” хэмээх мэдээ оргүй биш ажээ. 1000 гаруй жилийн тэртээ олон адуугаар гишгүүлсэн газар бол одоо ердийн атар хээр талаас огт ялгарахгүй болдог аж.

Монголын нууц товчоонд “ихэсийн газар”, “тайлга, тахилгын тухай” дурдсан байдаг. Монголын ихэс дээдэс, хаад язгууртнаа оршуулсан газраа бус, түүнээс хол орших тахилга, тайлгын байгууламжинд ирж хүндэтгэл үзүүлдэг байжээ. Ингэж алсаас тайлга хийх болсноор хаад, язгууртныг оршуулсан газар нь улам бүр далдлагдан нууцлагдах болжээ. Сэцэн хан, Түшээт хан, Засагт хан, Сайн ноён хан бүгд Алтан ургийн шууд удмын хаад байсан учраас өөрийн бүхий л ёс заншил, дэг ёсоо хуучнаар нь хийж гүйцэтгэсээр байсан байна. Энэ үеийн хаад язгууртнуудын оршуулганд зөвхөн “Алтан ураг”-ийн эрэгтэйчүүд оролцдог байсан ба өөрийн хүргэн, бэрүүдээ оролцуулдаггүй байсан нь 1000 жилийн тэртээх нууцлалыг чанд хатуу сахиж байсны баталгаа ажээ.

Өгөөдэй хаан, түүний дараах хаадыг яг тэнд оршуулсан гэсэн мэдээ байхгүй. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудын газар нутгаас ч монгол хаадын ямар нэгэн булш олдоогүй юм. Чингис хааныг Тангудад байлдаж яваад нас барахад тэрэг нь эвдэрсэн ч эх нутагт нь авчирч оршуулсан тухай маш тодорхой бичсэн байдаг. Аль ч хаадын үед тэр уламжлал байсан. Ордос бол их хааны оршуулга биш хаад ихэс дээдэст хүндэтгэл үзүүлдэг тайлга тахилгын газар, тэнд булш байхгүй.

Ихэсийн газарт очно гээд МНТ-нд маш тодорхой өгүүлсэн байдаг. Энэ бол хааныг оршуулсан газар биш бөгөөд хаанд холоос хүндэтгэл үзүүлдэг хөшөө бүхий газрыг хэлдэг. Монгол нутагт байгаа XIII - XIY зууны хүн чулуун хөшөөд бүхий газрыг “Ихэсийн газар” хэмээн үздэг. Тэнд тайлга тахилгын идээгээ хувааж хүртдэг, тэндээсээ хаад ноёдынхоо дурсгалыг хүндэтгэдэг. Тайлга тахилга гэдэг бол амьтнаар өргөл барьц өргөхийг хэлж байгаа бөгөөд хонь, адуу гаргаж, тэр идээгээ галд өргөж хиншүү хярвас гаргаж эзнээ баярлуулж байна гэсэн зан үйл юм. Хожим буддын шашин Монголд гүнзгий нэвтэрсэнтэй уялдан амьтны амийг тэвчих гэдгээс үүдэлтэй мал амьтнаар тайлга тахилга өргөх ёсон зогссон байна.  

Эх сурвалж: Археологич, доктор Д.Эрдэнэбаатарын ярилцлагаас ... 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0