ЭНЕРГИЙН ТӨВ - ХАМАРЫН ХИЙД

Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун  санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн итгэдэг. Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.

Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

Николай Рерих анх эхнэрийн хамт Шамбалын орон буюу Амгалан жаргалангийн орныг хайн 1924-1928 оны хооронд Төв Азиар аялжээ. XYIII зуунд Унгарын нэгэн судлаач Монголын Хамар гэдэг газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан тухай баримтыг саяхан Хамарын хийдийнхэн олж мэджээ.

Энергийн төвд хийх зан үйл:  Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ.  Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэхүү Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Мэлмийнээс холгүй “мангасын ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн  гэм нүглийг цаасан дээр бичиж  хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой ажээ. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

Сакура цэцгийн хөндий: Ноён хутагт Монголоос гадна Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэг самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд тэр самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Энергийн төвийн аяллыг сонирхож байвал энд дарна уу.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0