ХӨГНӨ ХААН УУЛ

Хөгнөхаан уулыг нутгийн иргэд эртнээс тахиж ирсэн бөгөөд уулын энгэрт орших “Хадагт хошуу” хэмээх газрын хажуугаар гарсан хүн заавал зогсож унаанаас буун мэндэлж идээ ундааны дээж өргөдөг уламжлалтай. Уулын урд энгэрт баруун урагш харсан, зөвхөн баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой, рашаан ус бүхий нуугдмал хадан уулстай үзэсгэлэнт сайхан хөндий бий. Уулын дунд хавьцаа урд энгэрт хоёр хийдийн туурь бий. Өвгөн ба залуу хийд гэх бөгөөд эх сурвалжуудад Хөгнө тарнын хийд ч гэдэг. Тус хоёр хийдийг 1994 онд сэргээн засварласан бөгөөд эдүгээ Эрдэнэ хамбын хийд хэмээн нэрлэх болжээ. Хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашаан ундаргатай. 

Хөгнөхан уул: Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт д.т.д 1962 метр өндөрт орших уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй км алслагдсан хэрнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ойтойгоос гадна яргай, яшил, буйлс, гүйлс, балгана, тавилгана, харгана гэх мэт бут сөөг ургаж, Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хөгнөхан ууланд Рашааны, Хийдийн, Худгийн, Бяцхан булгийн, Цэцэрлэгийн, Ханхарын, Самарт, Баялаг гэх мэт үзэсгэлэнт сайхан амууд бий. Өвгөн залуу хийдийн туурь, Мойлтын амны хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, Ямаатын цагаан хөтлийн янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн боржин чулуун хөшөө, Маанийн хадны маань үсэг, Ташуугийн өвөлжөөний олон тооны булш гэх мэт түүх соёлын дурсгалуудтай. Хөгнөхан уулыг эрт дээр үеэс шүтэж ирсэн бөгөөд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Усан болор, утаат болор, хар цагаан гялтгануур гэх мэт ашигт малтмалтай.  1997 онд Хөгнөхан уулын 470 км.кв газрыг байгалийн нөөц газар болгосныг 2003 онд өргөжүүлж 844 км.кв болгожээ.

Хөгнө хан уулыг их догшин хайрхан хэмээн эртнээс нааш хүндэтгэн тахиж ирсэн бөгөөд уулнаас мод огтолж, чулууг нь хөдөлгөхийг цээрлэдэг байжээ. Хайрханы оройн тагт дээрх жижиг нууранд алтан загас бий хэмээн нутгийнхан домоглоно. Уулын энгэрт орших “Хадагт хошуу” хэмээх газрын хажуугаар гарсан хүн заавал зогсож унаанаас буун мэндэлж идээ ундааны дээж өргөдөг уламжлалтай. Уулын дунд хавьцаа урд энгэрт баруун урагш харсан, зөвхөн баруун урдаасаа хөтлөөр давж орох боломжтой, рашаан ус бүхий нуугдмал хадан уулстай үзэсгэлэнт сайхан хөндийд хоёр хийдийн туурь бий. Өвгөн ба залуу хийд гэх бөгөөд эх сурвалжуудад Хөгнө тарнын хийд ч гэдэг. Тус хоёр хийдийг 1994 онд сэргээн засварласан бөгөөд эдүгээ Эрдэнэ хамбын хийд хэмээн нэрлэх болжээ.  Хадан дунд нь ходоод, элэг, цөс, бөөр, нүдний рашаан ундаргатай.

Хөгнөхаан уулын нэрний тухайд нэгэн хууч яриа байх агаад уулын тагтад Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган алтан ганжиртай, зун цагт хурал ном хурдаг, даяанч лам нарын шавилан суудаг ариун номын газар байв.  Гэтэл цагийн байдал ороо бусгаа болж Халх Ойрадын хооронд дайн дэгдэж Галдан бошигтын цэргүүд Хөгнөхан уулын ойр орчинд Өндөр гэгээн Занабазарын албат лам нарын суудаг Өвгөн сүмийг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “цэргүүд буцаад явчихлаа, одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Цэргүүд хайрханаас бууж зэргэлдээх уулын оройгоор явж байтал нуугдаж хоцорсон Өвгөн сүмийн алтан ганжир өглөөний ургах наранд гялалзаж байхыг хараад эргэн ирж сүмийг олоод 100 орчим лам нарыг баривчлан хүзүүгээр нь хөгнөн холбож амийг нь хороогоод сүмийг галдан шатаасан түүхтэй. Түүнээс хойш хайрханыг Хөгнөхаан гэх болсон ба хаан гэдэг нь Ойрдын Галдан хаантай холбоотой аж. 


Эрдэнэхамбын хийд: Анх Төвдийн лам Лхаламбалдорж аглаг ууланд Ямандаг бурханы бясалгалыг олон жилийн турш үйлдэж шид бүтээлийг олсон ажээ. Ямандаг бурханы бясалгал үйлдэж байх зуурт Төвдийн буруу номт хаан Лхандарма Төвдын шашин соёлыг сүйтгэж байсныг ламтан сонсож мэдээд буруу номт хааныг хөнөөжээ. Лхаламбалдорж ламтан Төвд нутгаас дутааж Монголын Хөгнө хаан ууланд түр сууж байхдаа 1640 онд үндэслэн байгуулж улааны шашны урсгалыг хөгжүүлж байжээ. Дараа нь 1693 онд Өндөр гэгээн Занабазар тус хийдийг сэргээн өргөжүүлж өөрийн багш Эрдэнэ цоржид зориулан Өвгөн ба Залуу хийд бариулжээ.  Цагийн байдал ороо бусгаа болж Халх Ойрадын дайны үеэр тус хийдүүд сүйтгэгдсэн бөгөөд 200 орчим лам умар зүг дутааж Байгаль нуур орчмын нутгаар суурьших болсон нь Буриадын нутагт бурханы шашин дэлгэрэхэд нөлөөлсөн гэж үздэг. 100 гаруй лам нар нь Галдан хааны цэргүүдэд алагдсан ч эсэн мэнд үлдэж хоцорсон цөөн лам нар Хар бухын балгасанд хурал номын үйл ажиллагааг үргэлжлүүлж байсныг XYII зууны эхээр Түшээт хан аймгийн Баруун Соо гүний хошууны (Бишрэлт гүний хошуу) нутагт Жаргалант хайрхан уулын өвөр энгэрийн дэнжид шинээр нүүлгэн байгуулсан нь түүхэнд “Хөгнө тарнын дээд доод хийд” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

XX зууны эхэн гэхэд 1000 гаруй хуврагтай Пунцаглин, Тэгчилэн, Сангай, Тойслин гэх 4 аймагт хуваагдаж байжээ. Эрдэнэхамбын хүрээ нь гайхамшигт ур хийц бүхий Цогчин дуган, олон жасын дуганууд, ном судар барлах сүм, лам нарын хорооллоос бүрдсэн томоохон хийд байжээ. Хүрээ нь Эрдэнэ хамба, Халзан ширээт гэх хоёр хувилгаан ламтай байв. Хүрээний гол Чойжин сахиус нь Улаан сахиус буюу Жамсран бурхан байжээ. Зуны дунд сарын 29-нд цам харайж, зуны адаг сард 50-60 гэлэн лам 45 хоног Хайлан хурал хурдаг, намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ. Домын болон гавжийн дамжаа барих бөгөөд урд ба хойд сундуй хэмээх хоёр том жастай байжээ.

Эдүгээ Эрдэнэхамбын хүрээний туурин дээр цам харайдаг байсан талбай хэвээрээ үлдсэн байна. 1937 оны үед 30 гаруй гавж цолтой лам нар нь баривчлагдан явсны дараа сүмийн уран барилга, үнэт ном судар, гол шүтээн Улаан сахиусны цамын баг тэргүүтэн устаж үгүй болжээ.  Цамын талбайг байгуулахдаа гол Цогчин дуганы үүднээс голлуулан өнгө өнгийн чулуу шигтгэж тусгайлан талбай засаж, цам харайх дугуй талбайн гортигийг метрийн өргөнтэйгөөр чулуу шигтгэн хийжээ. Дугуй гортигийн дотор улаан, хөх, цайвар өнгийн чулуугаар шигтгэсэн 29 талбай бий. Одоогийн байдлаар Эрдэнэхамбын хийдээс чулуу, шавар, тоосгон хана бүхий тууриуд, цамын талбай, суварга, хүрдний ул мөр үлджээ. 1992 онд Даваа хэмээх гэлэнмаа сэргээж хурал номыг нь таслалгүй иржээ. Даваа гуай эдүгээ 90 гаруй насалсан ч Таван хааны сүм, Эрдэнэхамбын хийдийн сахиусны сүмийг сэргээн, бясалгалын хоёр асар, хоёр суваргыг бариулжээ.

YIII Богд гэгээний үед энэ хийдийг Эрдэнэ хутагт хамба толгойлж байжээ. XIII Далай лам Монгол оронд морилон ирж өвөлжөөд буцах үед нэгэн нууц элчийг Эрдэнэ хутагтад илгээж байжээ. Элчийн авчирсан зарлигт “Дээрхийн гэгээнтэн ирээд буцлаа. Монголын буян дээрхийн гэгээнийг дагаж магадгүй тул Монголын буяныг авч үлдэхийг Эрдэнэхутагт та мэд” хэмээжээ. Энэ зарлиг тухайн үед тус хийдийн ямар байр суурьтайг илэрхийлсэн мэт.


Өвгөн хийд: Хөгнө хаан уулын тагтад Өвгөн сүмийн туурь бий. Эрдэнэ хамбын хийдээс уул өөд 1 км гаруй явган явж хүрдэг ба мориноос өөр унаа очихооргүй бартаатай нарийн жимээр явдаг онцлогтой. Өвгөн сүмийн байх уулын ам баруун урагш харсан байдаг бөгөөд уул өөрөө ертөнцийн нарны туяаг гараа дэлгэн тоссон мэт байршилтай ажээ. Сүм рүү өгсөх замын эргэн тойрон хадат уулаар хүрээлэгдсэн байх бөгөөд судар ном өрөөд тавьчихсан юм шиг үелэн тогтсон өвөрмөц хадан ханууд бий. Өвгөн сүмийн нөмөр болсон уулын оройд овоо байх бөгөөд овоо хүртэл явахад хус, хуш, хуайс, монос, бүйлс зэрэг модод, арц, олон янзын бутлаг ургамал армаг тармаг ургасан байдаг. Өвгөн хийд нь Төвдийн Ботала орныг дуурайлган бүтээсэн Монгол дахь бурхан шашны түрүү үеийн дэлгэрэлтийн томоохон орон байсныг уулын энгэр өөд өгсүүлэн чулууг маш нарийн нямбай ур хийцтэйгээр давхарлан өрсөн хана бүхийгээр барьсан 10 гаруй сүмийн ором туурь гэрчилнэ.

Энэхүү Өвгөн хийдийн тухай нэгэн хууч бий. Уулын тагтад Өндөр гэгээн Занабазар өөрийн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган алтан ганжиртай, зун цагт хурал ном хурдаг, даяанч лам нарын шавилан суудаг ариун номын газар байв.  Гэтэл цагийн байдал ороо бусгаа болж Халх Ойрадын хооронд дайн дэгдэж Галдан бошигтын цэргүүд Хөгнөхан уулын ойр орчинд Өндөр гэгээн Занабазарын албат лам нарын суудаг Өвгөн сүмийг хайж ирэхэд сүмийн лам нар алтан ганжирыг навтсаар боон далдалсан учир цэргүүд ололгүй буцжээ. Гэтэл нэгэн эмгэн “цэргүүд буцаад явчихлаа, одоо энэ муухай навтсан боодлыг авъя” гэжээ. Цэргүүд хайрханаас бууж зэргэлдээх уулын оройгоор явж байтал нуугдаж хоцорсон Өвгөн сүмийн алтан ганжир өглөөний ургах наранд гялалзаж байхыг хараад эргэн ирж сүмийг олоод 100 орчим лам нарыг барьж хороохдоо олсоор хооронд нь хөл толгойгоор нь холбон уяж (монголчууд малыг ингэж холбож уядаг) хөнгөлөн өндөр хясаан дээрээс шидсэн гэдэг. Хоёр сүм байгаа уулыг цус ургасан энэ үйл явдлын нэрээр Хөгнө хаан уул буюу хөгнүүлсэн лам нарын ариун уул гэж нэрлэжээ. Хөгнөх гэдэг нь хөнгөлөх гэсэн утга аж. Харин хаан гэдэг нь Ойрдын Галдан хааныг илэрхийлсэн гэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах    

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0