Архангай аймгийн Тариат сумын нутагт Хорго, Тэрхийн цагаан нуурын орчинд
байдаг домог түүхт агуй юм. Домгоор бол, Эрт цагт арын сайхан хангай
нутагт нэгэн ноён охинтойгоо хамт амьдардаг
байжээ. Ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар
нохой байж
гэнэ. Бас ноёныхтой ойрхон нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба тэр
хоёр айлын
хүүхдүүд хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноёнтон охиноо хол
нутагт суух баян хүнд эхнэр болгон өгөхөөр болоход
охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож уйлсаар байгаад нуур
болон
хувирсан нь Тэрхийн цагаан нуур ажээ. Хайртай залуу нь сэтгэлт
бүсгүйтэйгээ уулзаж байхын тулд гол болон хувирсан
ба энэ нь Тэрхийн цагаан нуураас эх аван урсах Суман гол гэнэ. Шар нохой
нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охиныхоо
захиас ёсоор эцэг ноён агуйн ангалд аваачиж хийжээ. Нохой нь гурван
хоног
улисаар үхсэн учраас тэр агуйг Шар нохойн там хэмээн нэрлэжээ. Ноёнтон
охиноо санаад хамт байхын тулд нуурын хөвөөн дээр очиж өнгийн
суусаар байгаад хад болон хувирсан ба энэ нь нуурын эрэг дээрх Өвгөн хад
гэнэ.
Өөр нэгэн домогт, Нэгэн баян ноёнтон эрх танхи өссөн охинтой бөгөөд охиндоо
их хайртай байж гэнэ. Тэднийд нэгэн шар нохой байх ба охин нь нохойгоо
эрхлүүлэн хамтдаа өсөж өндийжээ. Гэтэл нэг өдөр хайртай эрх танхи охин нь
хүндээр өвдөж орноосоо өндийхгүй болжээ. Ноёнтон нутгийн эрдэм номтой мэргэн
ламаас асуухад “Чи хайртай охиноо хамгийн түрүүнд гуйж ирсэн хүнд эхнэр болгон
өг, харин хайртай нохойг нь нүхэнд хаях хэрэгтэй, чингэвэл охин тань эдгэх юм
байна” хэмээн айлджээ. Ноёнтон хэлснээр нь болгож охиныг нь хамгийн түрүүнд гуйж
ирсэн эд хөрөнгөгүй ядуу хүнд өгч, охиныгоо явсны дараа гасалж гангинаад салахгүй
байсан шар нохойгоо гүнзгий нүхэнд хаяжээ. Нохой нь тэр нүхэндээ гасалж
гийнасаар хатаж үхэж гэнэ. Тэр цагаас хойш тэр нүхийг “Шар нохойн там” хэмээн нэрийдэх
болжээ.