Ашиглалтанд орох хугацаа: 2016, 2020 он
Хэрэгжүүлэгч: Их майдар сан
Байршил: Төв аймгийн Сэргэлэн сум, Богд хан уулын өвөрт (УБ хотоос 50 км
зайд)
Төслийн санаачилагч: Чингис хааны хөшөөт цогцолборыг санаачилсан МУ-ын
Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг бөгөөд цогцолборын
зураг, дизайныг гаргажээ.
Монголчуудын оюун санааны дархлааг соёлоор дамжуулан бий болгох, аялал
жуулчлалыг хөгжүүлэх үүднээс энэхүү төслийг 2009 оноос анхлан санаачилсан аж.
Өндөр гэгээн Занабазар Монголд төдийгүй дэлхийд хосгүй бүтээлүүд урласны дотор
Майдар бурхан бол эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн
бэлгэ тэмдэг болдог. Тиймээс Монголчууд уул уурхай гэж ярихаас илүүтэй дэлхий дахинд соёл
уламжлалаа түгээж, түүгээрээ бахархаж явах нь чухал хэмээх үүднээс энэхүү
бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Сонирхуулахад, америкийн эрх чөлөөний
хөшөө 46м. Эрх чөлөөний хөшөөг үзэж сонирхохоор жилд гурван сая жуулчин очих
тул жилдээ 75 сая ам.долларын ашиг олдог аж. Тэгэхээр Их Майдар цогцолбор гадны
жуулчдыг татах бүтээн байгуулалтын төдийгүй уран барилгын маш том ажил юм.
Суварган цогцолбор: Их майдар төслийн хүрээнд хэд хэдэн томоохон ажил өрнөж
буйн дотор хамгийн гол хэсэг нь 54м өндөр Майдар бурханы хөшөө, 108м өндөр
Суварган цогцолбор юм. Майдар бурханыг 1000 жилийн настай гуулин материалаар
хийж буй бөгөөд цутгалтын ажил бүрэн дуусчээ. Майдар бурхан толгой дээрээ эрдэнийн алтан суваргатай, зочлон ирсэн хүмүүс
бурханы хөл доорх бад цэцгээр дамжин рашаан хүртэх хэсэгт хүрэх боломжтой аж.
Харин Майдар бурханы хойно үелсэн ганжиртай хонх хэлбэрийн зарлиг увидасын
суварга байрлах юм. Суварган цогцолбор дотор 1500 хүний багтаамжтай шүтээний хэсэг, 108 мянган
Майдар бурхан байрлах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, боловсрол, танин
мэдэхүйн танхим, музей үзвэрийн танхим, мөнх ногоон эко танхим байрлах аж.
Цогцолборын ажил 2016 он гэхэд бүрэн дуусч ашиглалтанд орох юм байна.
Их майдарын хөшөө: Төслийн хоёр дахь хэсэг нь Суварган цогцолборыг
багтаагаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбо тэмдгийг дүрсэлсэн Их
Майдар хөшөөт цогцолбор юм. Их Майдар цогцолбор нь үндсэн хоёр хэсэгтэй. Хүмүүст тав тухтай үйлчилгээ үзүүлэх үүднээс худалдааны төв, зочид буудал,
ресторан зэрэг үйлчилгээний төвүүд байрлана. Харин үйлчилгээний бус хэсэгт
бясалгалын ордон, олон үндэстний сүм, хийд, боловсролын өргөө, номын сан зэрэг
газруудыг байгуулахаар төлөвлөжээ. Амралт чөлөөт цагийн бүсэд амьтны хүрээлэн
байгуулж мөнх ногоон эко орчин бүрдүүлэх юм байна. Энэхүү цогцолбор 2020 он
гэхэд ашиглалтанд орж, улмаар төслөөс олсон ашгийг боловсрол танин мэдэхүй,
байгаль орчныг нөхөн сэргээх, хүмүүнлэг энэрэнгүй гэсэн гурван чиглэлд
зарцуулна гэв.
Майдар эко сити: Их майдар төсөл цаашид 200 мянган хүн оршин суух
боломжтой Эко Сити төслөөр үргэлжлэх аж. Германы архитектурын компани эко хотын
ерөнхий төлөвлөгөөг гаргажээ. Улаанбаатар хотын хүн ам төлөвлөгдсөн хэмжээнээс
хэтэрсний улмаас агаарын, хөрсний, цэвэр усны бохирдол ихэсч буй өнөө үед орчин
үеийн бүх хотын шийдэл эко байдлаар шийдвэрлэгдэж буй дагуу төлөвлөжээ. Уг хот
нь байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хийг хамгийн бага хэмжээгээр
ялгаруулдаг, сэргээгдэх эрчим хүч ашигласан, тогтвортой хөгжлийн хот болох
үндсэн чиглэлтэй. Энэхүү хотын төслийг Майдар хөшөөт цогцолбор дууссаны
дараагаас эхлэн хэрэгжүүлж 50 гаруй жилийн хугацаанд бүтээн босгож дуусгах
ажээ.
Төслийг хэрэгжүүлэгч Их Майдар сан нь ашгийн бус, гишүүнчлэлтэй, нийгэмд
үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд олон нийтийн оролцоо, хандивын
сэтгэлээр цогцолборыг бүтээж байгаа аж. Их Майдар төслийн ач холбогдлыг
монголын болон олон улсын бурханы шашны тэргүүнүүд, тэр дундаа Дээрхийн
гэгээнтэн XIV Далай лам, Чойжин лам Түвдэн Готов, Жадо Тулку Ринбүчи нар
өндрөөр үнэлж, төслийн үйл ажиллагаанд өөрийн зөвлөмж, сургаалыг хайрлахаас
гадна Их Майдар бурханы сүншигт зориулан ариун нандин судар ном, бурхан
шүтээнээс илгээжээ. Нийт 35 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт
шаардлагатайгаас 10 гаруй сая ам.долларыг босгож, бүтээн байгуулалтын ажилд
зарцуулаад байгаа аж.