БООВ ЧУЛУУ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, Эрдэнэзуу хийдийн баруун урд байрлах Мэлхийт толгой уулын зүүн тийш харсан “Маамуу толгой” хэмээх жалганд нэгэн сонирхолтой дурсгал байдаг. Нутгийнхан тэрхүү дурсгалыг “боов чулуу” хэмээн нэрийддэг билээ.

Домгийг өгүүлбэл, Эрт үед Эрдэнэзуу хийдийн Бор хонхорт суурьшин гэлүгва ёсонд суралцаж байсан лам хуврагууд сахил санваараа умартан эмс охидод татагдан харчуулын хороолол буюу Маамуу толгой руу сэм сэм гүйлдэх болжээ. Энэхүү явдлыг жигшсэн Цорж ламтан нэгэн их эрдэмт ихэс ламтанд айлтган хэрхэхийг лавлажээ. Ихэс ламтан Эрдэнэзуу хийдийн 108 суварга тойрон баруун урд уулыг хараад “өө энэ аргагүй юм байна, танай энэ ууланд Эрдэнэзуу хийд рүү харсан аманд эм савдаг амьдардаг юм байна” хэмээжээ. “Тэгээд одоо яах билээ” хэмээн Цорж ламтанг лавлахад энэ толгойн оройд “ум” үсэг бич, Маамуу толгойн жалганд нь “эр хүний эрхтэнг чулуугаар урлан тавьж дом хий” хэмээжээ. Тэгээд “Ум ам”, “Ум толгой” хэмээн нэрийдэж арга билгийн дом шившлэг хийгээд тахилгатай болго” хэмээн айлдсан гэдэг. Тэгэж ёс үйлдсэнээс хойш нөгөөх сахил санваараа умартсан залуу лам нарын явдал арилж ламын эрдэмдээ улам шамдах болсон гэдэг.

Харин эдүгээ Хархорин суманд ирсэн гадаад дотоодын жуулчин гийчид тэрхүү “боов чулуу”-г сонирхон ирж үзэхээс гадна эр нөхөр заяадаггүй бүсгүй хүн, эсвэл үр хүүхэд төрдөггүй гэр бүл, эмэгтэйчүүд ирж хань нөхөр, үр хүүхэд гуйж мөргөл залбирал үйлддэг болжээ. Үнэн худлыг бүү мэд боловч харь орны бүсгүйчүүд хүртэл энэхүү домог түүхийг сонсоод хань нөхөр, үр хүүхэд хүссэнээр тэрхүү хүсэл нь биелж хожим хойно нь дахин ирж баярлаж талархсанаа илэрхийлдэг байсан хэмээн ярих нь бий.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0