ГОЛ МОД II (ХҮННҮ БУЛШ)

Урьд өмнө Монгол улсад олдож байсан Хүннүгийн хаадын  булшууд нь  “Гол мод-2” шиг том хэмжээтэй байгаагүй юм. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн ба  дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрладаг.

МЭ 80-100 оны үед хамаарах Хүннүгийн Шаньюгийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээсэн юм. 29 дагуул булшинд нь 1.7 настай хүүхдээс 35 насны эрэгтэй хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунханы орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийжээ. Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Ер зөвхөн “Гол мод-2” ч биш, “Гол мод-1”, Ноён уул, Дуурилаг нарсны гээд олдоод байгаа бүхий л Хүннүгийн хаадын булшууд ханан хээ бүхий австай байдаг.

Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч, УБ Их Сургуулийн НУФ-ын декан, доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр “Гол мод 2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртны ордны тансаг хэрэглээний нэг ажээ. Шилээр урлах арга нь МЭ I зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Тийм учраас Хүннүгийн булш тэр үед буюу МЭ 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олджээ.  Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү манай улсаас олдсон юм. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болж буй.

Урьд өмнө судлагдсан Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилга, хойлгийн хэлбэрийн хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд олдвор, түүний урлахуй болон үнэ цэнээрээ алинтай нь ч зүйрлэхээргүй энэ том бунхан 2000-аад жилийн тэртээ тоногдсон бололтой. Шаньюгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олжээ. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антропологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй. Чухамхүү энэ зонхилогч овгийнхны ДНК-ийн судалгаа өнөөгийн хамгийн маргаантай асуудлуудын нэг болох хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг нэг тийш болгоход хувь нэмэр болно хэмээн үзжээ. Хамгийн сүүлд хэдхэн жилийн өмнө Ноён уулын булшин дээр ажилласан Оросын эрдэмтэн Н.В.Полосьмак АНУ-д хэвлүүлсэн судалгааны тайландаа “Хүннүчүүд бол Турк, Персээс гаралтай овог аймаг байсан” гэж дүгнэснээс энэ асуудал хэчнээн эмзэг чухал байгааг анзаарч болно.

Булш бунхнуудаас Дундад Азийн эртний эд гарах нь түгээмэл байдгаас шалгаалаад өнөөдөр Казахстан, Кыргызстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарвалыг булаалдсаар байгаа билээ. УБ Их Сургуулийн судлаачид Чемурчекийн, Мөнххайрханы, Тэвшийн зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн соёлын дурсгалыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгээс даруй 1000-1500 жилээр урагшлуулахаар байгааг онцлохоос аргагүй.

“Гол мод 2”-ыг гол булшны бунханаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхийн хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байх магадлалтай. Харин бусад сүйхүүд бүгд Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэглээтэй тэрэгнүүд Шаньюй нарын эрхэм хэрэглээ байсныг илтгэдэг. Чимэглэлүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ. Хийцийн хувьд ер бусын уран агаад дотор бэлгэдэлд учир утга ихээр шингээсэн нь илэрхий байдаг.

Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул 3 дугаар булшнаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байх магадлалтай 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйн удмынхны дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь сонирхол татдаг.

Урьд өмнө олдсон Хүннүгийн үеийн булшуудыг ОХУ, АНУ, Франц, Солонгосын гээд дандаа гадаад улс орны эрдэмтэд малтаж судалж байсан бол “Гол мод 2”-ыг түүхэндээ анх удаа Монгол гадны тусламжгүйгээр бие даан дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилжээ. Тус ажлыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн ажээ. Төсөлд 6 эрдэм шинжилгээний ажилтан археологич, антропологич, 80 гаруй археологийн болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан, 80 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогоонд 4-5 хүн тус тус ажиллажээ. Энэ ажил Монгол судлаач эрдэмтэдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсныхоо хувьд бас нэгэн ач холбогдолтой юм.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах  

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0