1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮР ЦОГЦОЛБОР

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт Баян-Өндөр хайрханы өвөрт Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ой, Монголын эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан 2011 онд ард иргэдийн хүсэл зорилгоор Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг нээжээ. Тус цогцолборыг 2008 оноос эхлэн бүтээн байгуулсан бөгөөд 100м голч бүхий дугуй хэлбэрийн суурьтай. Бурхан багшийн сэрэг дүрийн баримал сууринаас дээш 17м, сүмийн хамт 22м өндөр. Сэрэг дүрийг бүтээхэд 467 хэсэг эд ангиас бүрдсэн 87тн цэвэр гууль ашиглажээ. Бурхан багшийн тэргүүний үсний ширхэг бүр нь 6кг жинтэй аж. Цогцолборт хүндэтгэлийн хаалга, явган хүний зам, 8 суварга, хүндэтгэлийн талбай, дурсгалын гэрэлт хөшөө, гол сүм зэрэг байгууламж бий. Гол сүм ба суваргад шашны зан үйл, хурал номын өргөө, түүх соёлын дурсгалт зүйлс, бурхадын шүтээн дүр, хөрөг зураг зэргийг байрлуулжээ.

Аравнайлах ёслолд Орхон, Дархан-Уул, Булган аймгийн сүсэгтэн олон, Гандантэгчилэн хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд оролцож тарни маань хөгжөөжээ. Тус цогцолбор байрлах газрыг сонгон шинжих үед Чойжамц хамба өөрийн биеэр ирж тус газрыг сонгосон гэдэг. Сонгогдсон газрын байдал нэлээд хэвгий байсан учир тэрхүү хэвгий байдлыг Лхам бурханы унасан хүлэг морины туурайн мөр хэлбэр болгон засахаар төлөвлөжээ. Лхам бурханы унасан хүлэг туурайгаараа газрыг онги татан цавчин дүүлсэн мэт мөрний хэлбэр гаргасан байдаг ажээ. Индэрийг 3 үе шаталсан хэлбэрээр өгсүүлэн зассан нь жанхар буюу бурханы орныг замбуу тивд дүрслэн зассан бэлгэдлийг агуулжээ. Индэрээс урагш дэллүүлж монголчуудын ихэд бэлгэшээдэг 108 гишгүүртэй, 6м өргөн шатыг байгуулсан байна. Шат нь өргөн байхын учир нь Авралын өргөн зам мөрийн сургаалийг дагаж Бурханы хутаг олохын дэмбэрэл ерөөлийг бэлгэдсэн байдаг. 100м голчтой цогцолборын дугуй хэлбэрийг хорол эрдэнээр төлөөлүүлжээ. Бурханы шашин гурван цагт, дөрвөн зүг найман зовхист, доод замбуутив, дээд тэнгэр бүгд арван зүгтээ цацран ашид дэлгэрч байх бэлгэдлийг багтаажээ. Цогцолбор нь Номын өргөөтэй бөгөөд дүйцэн өдрүүдэд хурал ном хурж болох байдлаар тохижуулсан байна. 

ТОО
0
0
0