Арвайхээр хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн
задгай талбайд саяхан нээлтээ хийсэн “Өндөр гэгээн Занабазар” цэцэрлэгт хүрээлэн
өдрөөс өдөрт тохижин өнгө нэмж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборыг
МУ-ын Засгийн газраас санхүүжүүлэн уран барималч Н.Оргил, архитекторч Д.Балдан
нарын зураг төслөөр “Өндөр буянт холдинг” компани гүйцэтгэжээ. Мод бут тарих,
зүлэгжүүлэх, цэцгийн мандал байгуулах, услалтын систем тавих ажлыг
“УБ-цэцэрлэгжилт” компани тохижилтын ажлыг эхлүүлжээ. 1080м хамгаалалтын хашаан
дотор 8 төрлийн 24000 мод бут тарьж 18100м.кв талбайг зүлэгжүүлж, 350м.кв
цэцгийн мандал байгуулж, услалтын систем бүхий худаг гаргаж, цэцэрлэгээр
салхилагч хүмүүст зориулан сүүдрэвчүүд, урт сандлууд, хогийн сав зэргийг
байрлуулжээ. Мөн явган хүний зам засаж, автомашины зогсоол бий болгож, замын
гэрэлтүүлгүүд хийж, харуулын байр барьж, гэрэл цацарч хөгжим эгшиглэдэг усан
оргилуур хүртэл байгуулжээ.
Цэцэрлэгийн хойморт Өндөр гэгээн
Занабазарын хүрэл хөшөөг 12м өндөртэйгээр урлажээ. 27м голчтой, давхар конус
хэлбэрийн цутгамал төмөр бетон суурийн барилгыг музей зориулалттайгаар байгуулсан
байна. Түүний дээр лянхуа цэцэг суурин дээр амирлангуй тайван дүрээр үзэгдэх
Өндөр гэгээнийг босоо дүрээр залжээ. Баруун мутар нь сүсэгтэн олноо тэгшитгэн
адисласан байдалтай, зүүн мутар нь ном айлдаж буй мутар лугаа адил чагч
залбирлын байдалтай, зүүн мөрөн дээгүүр нь бадамлянхуа цэцгийн цомирлогоос
“Өөрөө тодорсон гэгээн” болох Алтан Соёмбо урган гарсан байдалтай дүрсэлжээ.
Суурь буюу музейн барилга нь 9м өндөр, тойрог
хэлбэртэй, түүнийг дагаад явган замтай, 4 зүг, 8 зовхисоос дээд тавцанд хүрэх
явган шатаар холбогдсон байна. Энэхүү суурийн барилга нь Өндөр гэгээний бүтээн
цогцлуулж байсан сүм дуганы олон загварт байдаг “тэлүүр нуруу”-ны даацын
системд тулгуурлан хийгдсэн ба энэ нь өргөн уудам орон зайг үүсгэдэг байна.
Өндөр гэгээн Занабазар нь XYI-XYIII зууны нэрт
төлөөлөгч болох Микеланджело, Вуанаротти, Леонардо Да Винчи, Рафаэль Сант
нартай эн зэрэгцэхүйц гайхамшигт уран бүтээлч хүн байсан бөгөөд Монголын ард
түмний төдийгүй дэлхийн соёлт хүн төрөлхтний түүхэнд чухал хувь нэмэр оруулсан,
эзэн Чингис хааны алтан ургийн удам угсааны эгэлгүй нэгэн гэгээнтэн байсан гэдгийг
ирээдүй хойч үе маань үеийн үед бахархан дурсаж, үйл хэргийг нь мөнхжүүлэн
алдаршуулж, бишрэл хүндэтгэлийг үзүүлж байх ёстой билээ.