Монголын газар нутаг дээр Түрэгийн үеэс эхлэн хүн чулуунууд бий болсон. Тэд хаад ихэс дээдсийнхээ онгоныг байгуулахдаа гантиг чулуу зэргээр тэдний дүр төрхийг дүрслэн хөшөөг нь хийдэг байжээ. Түрэгүүдийн байгуулсан тэдгээр чулуун хөшөөнүүд өнөө үед үлдэж ирэхдээ толгойгүй байдлаар ихэвчлэн олдсон билээ. Энэ нь Түрэгийн дараа Уйгарууд Монголын нутагт орж ирэхдээ тэдний хөшөө дурсгалыг нилээд сүйтгэсэнтэй холбоотой юм. Одоо Үндэсний түүхийн музейд Түрэгийн хаан Билгэ болон түүний хатны толгойгүй хөшөө хадгалагдаж байдаг. Монголын нутгаас дундад зууны үед хамаарах хүн чулуунууд нилээд олддог бөгөөд янз бүрийн хэлбэр төрхтэй байдгаараа онцлог. Тухайлбал, дээл хувцастай дүрсэлснээс гадна, хундага бариулсан байдлаар, эсвэл нүцгэнээр эрхтэнг ил гаргасан байдлаар, гар хөлтэйгөөр, уйлж байгаагаар, хүн толгойтой мөртлөө бие нь амьтны хэлбэр төрхтэй юм шиг байдлаар хүртэл дүрсэлжээ. Хүн чулуун дурсгал Монголын зүүн талаар Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар ихэвчлэн тааралдана. Хөргийн хөндийн хүн чулуу: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байдаг. Хөргүүдийг түшлэгтэй сандалд суулгасан байдалтай, сампин бүхий бөмбөгөр оройтой малгайтай, гуталтай мөртлөө нүцгэн биетэй, цээжинд нь товгор хөх гаргасан, баруун гартаа урт урт иштэй хундага хэлбэрийн сав бариулсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Энд хүрмэн чулуун хөшөө 6, боржин чулуун хөшөө 1 бий.
Ноён, хатан, хүү, бэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт “Ноён хатан, хүү, бэр” хэмээх хүн чулуунууд байх бөгөөд Алтан-Овооны хүн чулуу гэж алдаршжээ. Ноён хэмээн нэрлэгдэх хүн чулууг дээл хувцастайгаас гадна исэр хэмээх зөрүүлдэг хөлтэй сандалд суусан байдлаар дүрсэлсэн байдаг. Өмссөн дээл нь ташуу энгэртэй, зөв тийш нь товчилдог, урт уужуу хормойтой, гутлын хоншоор нь мөлгөр, хатных нь бага зэрэг ээтэн, эрчүүдийнх нь бүснээс хутга, хавтага сав зүүлгэсэн байдалтай дүрсэлжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах