Дэлхий дээр хадны сүг зургийг Монголчуудын нүүдэллэж байсан газраар л харах боломжтой. Хадны сүг зураг нь Европод бараг байхгүй бөгөөд Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг гол соёлуудын нэг юм. Азид гэхэд Монголчуудын явсан зам дагуу л хадны сүг зураг тааралддаг. Америкийн эхнэр нөхөр хоёр эрдэмтэн
Баян-Өлгий аймагт байгаа хоёрхон ууланд байх хадны зургуудыг долоо найман жил судлаад 4 боть ном гаргасан байна.
Эртний хүмүүсийн мессеж: Монголын газар нутаг дээр аль эрт хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн хадны сүг зургийн дурсгал нь 5000 – 3000 жилийн өмнөх хүмүүсийн бидэнд үлдээсэн захиа бөгөөд тэдгээр зурагнуудаас Монголын эртний түүхийг уншиж болно. Өөрөөр хэлбэл бидэнд үлдээсэн захиа зурвас юм.Бүр эртнийх гэж тооцогдох сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлсэн байдаг бол он цаг наашлах тусам дүрслэх ур чадвар нь сайжирч араатан амьтдаас гадна өөрсдийнхөө ахуй амьдралыг илүүтэй зуржээ. Ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг. Морин тэрэг, үхэр тэрэг зэрэг машины өвөг эцгийг тун чадамгай дүрсэлсэн байдаг нь өнөөг хүртэл судлаачдын анхаарлаг татсаар байна.
Зөвхөн Монголчуудын явсан замд л тааралдана. Эртний хүмүүсийн бидэнд үлдээсэн захиа болох хадны сүг зургаас дараах зүйлүүдийг ойлгож болно. Хэдий үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газар зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой. Энэхүү хадны сүг зураг нь дэлхий дээр Монголчуудын нүүдэллэж байсан замд л тааралдах бөгөөд Монголын газар нутаг дээр хамгийн элбэг байдаг билээ. Эртний хүмүүс өөрсдийн тухай түүхээ хойч үедээ хэрхэн яаж үлдээх талаар тун нарийн бодож олсон уран арга байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах