Сэлэнгэ аймгийн нутагт байх Амарбаясгалант хийдийн дэргэд Жарүн хашор (Ам алдсан) хэмээх том суварга босгожээ. Жарүн хашор хэмээх суваргыг олон түмний хандив тусламжаар босгосон байна.
Энэ суваргын талаар сонин домог байдаг ажээ. Өгөөмөр сэтгэлт нэгэн эх буян хураах газар болох суварга босгохыг хүсэж хаанаасаа зөвшөөрөл хүсэхэд ”хүссэнээ хий” гэжээ. Нөгөө эх дөрвөн хүү, нэг зарцын хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед, “ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд нь халтай” гэж үзэж суварга босгохыг болиулахын тулд ноёдууд хаанд айлтгал өргөжээ. Тэгтэл хаан “Хаан нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцахгүй” гэж хариу хэлжээ. Үүнээс үүдэн уг суваргыг “Ам алдсан” (Жарүн хашор) гэж нэрлэсэн гэнэ.
Ийм суварга бүтээх үйлсийг Амарбаясгалант хийд нутаг дэвсгэр дээр нь оршдог Баруунбүрэн сумын харъяат О.Бадам, Д.Пагважав нар санаачилж, тэдний үр хүүхдүүд, иргэд, томоохон пүүс, компанууд хүчин зүтгэжээ. Суваргыг нээх ёслолд УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Гандантэгчинлэн хийдийн хамба тэргүүтэн хуваргууд, сүсэгтэн олон түмний төлөөлөгчид оролцсон байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах