ХӨДӨӨ АРАЛ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш Хэрлэн тооно уулаас
баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30
гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж
нэрлэдэг. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг
хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм. Хөдөө нуур, Тосон нуур, Замагт
нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуур байдаг. Хэрлэнбаян улаан уулын өвөрт
Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой,
Олон овоо, Тахилгат гацаа хэмээх 7 жижигхэн толгой байдаг бөгөөд энэ 7 толгойг
нутгийн ардууд долоод гэж нэрлэдэг. Долоодыг судлаачид Монголын Нууц Товчоо-нд
гардаг Долоон болдог гэж үздэг.
Энд Монголын Нууц Товчоо-г бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор
1990 онд 4 метр гаруй өндөр Чингис хааны
номын гэрэлт хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис
хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд баруун хажуу талд нь Монголын
Нууц Товчооны төгсгөл үгийг сийлсэн байдаг. Хойд ба зүүн талаар нь тэр үеийн
морьтон баатруудыг дүрсэлж дээгүүр нь тухайн үед байсан овог аймгуудын сүлд
тамгануудыг сийлжээ. Хөшөөний өмнөхөн талд Аураг хотын туурь бүхий Рашаан дэрсний ухаа, Аураг рашаан зэрэг
түүхт газрууд байдаг. Номын гэрэлт хөшөөнөөс хойш Аваргатосон нуур рашаан сувиллын хотхон буй. Хөдөө аралын зүүн өмнө Галдан бошигт Манжийн хааны
цэрэгтэй байлдаж байсан түүхт газар Тооно уул харагдана. Баруун хойно нь мянган
өвөлжөөт Хэрлэнбаян Улаан уул цэнхэртэн харагдана. Чингис хааны Аураг орд бүхий Хөдөө арал нь ийнхүү Хэрлэнбаян улаан
уул, Хэрлэн Тооно уул, Хэрлэн гол, Сэнгүр буюу Цэнхэрийн голоор дөрвөн талаасаа
хамгаалагдсан, тэр бүр дайсан этгээд халдаад ирэхэд бэрх, ариун дархан газар
байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах