ДҮНГЭНЭЭГИЙН АМ
Өмнөговь аймгийн Зүүн сайхан уулын хамгийн том хөндийн нэг. Ёлын амнаас 10 км, уулын томоохон горхи бүхий хавчиг нарийхан, өндөр хадан хавцлууд юм. Хаврын сүүл сард мөс ханзарсан, эсвэл намар орой хөлдөөгүй үед машин явах осолтой байдаг. Энэ орчинд Зүүн сайхан уулын аргал хонины ихэнх сүрэг байдаг. Хавцлын хамгийн нарийн хэсэгт жийп машин дөнгөж явах зайтай. Ёлын амны салбар уулсын нэг учир байгалийн төрх байдал нь бараг адилхан.
Их бороотой үед болгоомжтой явахгүй бол гэнэтийн үер ус буувал аюул учруулж болзошгүй. Салхи шуурга ихтэй, эсвэл их бороо орж үерийн ус урсах үед хажуугийн хавцалуудад дүнгэнэсэн чимээ гардагаас үүдэн “Дүнгэнээгийн ам” гэж нэрлэгдсэн. Дүнгэнээгийн амнаас гарах доод аманд томоохон хийд байсан туурь бий. Хажуугийн хадан хананд нь ооч ёл, идлэг шонхор, цармын бүргэд, нөмрөг тасын үүр цөөнгүй бий. Дүнгэнээгийн амны усанд хавар, намар ногооны сөл тасарсан үед аргаль янгир, доод адагт нь хулан адуу, цагаан зээр ирж усанд ордог.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах