ШИВЭРТИЙН АМНЫ БУГАН ХӨШӨӨ

Шивэртийн амны дурсгал нь Архангай аймгийн Батцэнгэл сумаас баруун тийш 45 км-т Цэцэрлэг хотоос хойш 45 км-т зайд хуучин Баянуул сум (одоогийн баг)- ын тљвељс хойш зургаан км-т оршино. Энд олон тооны булш хөшөөтэй болох тухай Батцэнгэл сумын иргэн Галсандагва судлаачдад анх мэдээлжээ.

 

Шивэртийн амны адгийн горхины баруун талд олон дөрвөлжин дугираг булш, буган хөшөөтэй бөгөөд эдгээрээс баруун хойш 500м зайд хоёр том хиргисүүр. зүүнтэй нь 300м зайд түрэгийн үеийн чулуун хайрцагтай булш нэг тус тус буй. Судлаачид Шивэртийн амны дурсгалуудын ерөнхий дэвсгэр зургийг гаргаж хэд хэдэн буган хөшөө ашиглаж хийсэн хоёр дөрвөлжин булш малтан, газрын хөрсөн доор булагдсан нэг буган хөшөө. бас дээрээ сийлбэр бүхий нэг хөшөөг малтан шинжилжээ.

 

Нэгдүгээр буган хөшөөг хэвтүүлэн нэг дэх дөрвөлжин булшны хойд хана болгон хэрэглэсэн байв. Энэ хөшөөг цайвар өнгийн нарийн ширхэгтэй боржин чулуугаар хийж түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар дүрсэлж, доогуур нь хөшөөг тойруулан нэг эгнээ олон жижиг хонхор цохиж гаргажээ. Хөшөөний их биеийг ороолгон арван бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Бугануудын доогуур өргөн бүс цохиж гаргаад түүнээс зүүсэн байдалтай нүүрэн талд сүх, хутга, зүүн хажууд нь хутга, ар нь чинжал хутга. Бүснээс доош баруун хажууд нь бамбай тус тус дүрсэлжээ. Хөшөө 2.7м өндөр, 0.32м өргөн, 0.5-0.3м зузаан.

 

Хоёрдугаар буган хөшөөг нэг дэх дөрвөлжин булшны урд хана болгон хэрэглэсэн бөгөөд цагийн эрхээр ихэд элгэдэн дээр нь сийлсэн элдэв дүрс таних мэдэхийн эцэсгүй болтлоо баларчээ. Хөшөө 1.7м өндөр, 0.4м өргөн, 0.3м зузаан.

 

Гуравдугаар буган хөшөөг нэг дэх дөрвөлжин булшны баруун хана болгон хэрэглэсэн агаад мөн л байгалийн хувьсал, цагийн эрхээр элэгдэн дээр нь урласан дүрс зураг бүгд танигдахын эцэсгүй арилж баларчээ. Хөшөө 2м өндөр, 0.4м өргөн, 0.3м зузаан.

 

Дөрөвдүгээр буган хөшөөг хоёр дахь хананы урд баруун хэсэг болгон хэрэглэсэн бөгөөд түүнийг байгалийн бэлэн чулууг засалгүйгээр арын өргөн хавтгайд хоёр бугыг хоншоороор нь хөшөөний орой руу харуулж, өврийн өргөн хавтгайд мөн хоёр бугыг хоншоороор нь өөд харуулж загварчлан дүрслэх сонгодог аргаар урлажээ. Хөшөө нь цагаан цайвар өнгөтэй нарийн ширхэгтэй боржин чулуу бөгөөд 1.8м өндөр, 0.7м өргөн, 0.2м зузаан юм.

 

Тавдугаар буган хөшөөг хоёр дахь булшны урд хананы зүүн хэсэг болгон түүний нүүрэн талын өргөн хавтгайд гурван том, гурван жижиг бугыг хошуугаар нь өөд нь хандуулж , загварчлан урласан нь мэдэгдэж байгаа боловч бусад гурван талд сийлсэн сийлбэр нь элэгдэн балраад таниж мэдэхээргүй болжээ. Хөх саарал боржин чулуун эл хөшөөний өндөр нь 3м, өргөн нь 0.75м, зузаан нь 0.25м юм.

 

Зургадугаар буган хөшөө нь хоёр дахь булшнаас баруунтай 10м зайтай газарт булагдаад зөвхөн өнцөг нь цухуйж байсныг судлаачид гаргасан боловч босгож дийлэхгүй орхижээ. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэг нар, cap (том жижиг хоёр цагираг, том цагираг нь доош унжсан хоёр цацрагтай), баруун хажуугийн нарийн хавтгайн дээд хэсэгт мөн нар (цагираг) дүрсэлж, эдгээрийн доогуур хөшөөг ороолгон нэг эгнээ олон хонхор цохиж гаргасан байна. Хөшөөний их биеийг ороолгон арван том бугыг урласан ба дурдаж хэлүүштэй нэгэн онцлог нь бугын туурай шийрийг шувууны хөлийн таваг мэт гурван салаа урлажээ. Хөшөөний арын өргөн хавтгайн дунд хэрд бугануудын хооронд нэгэн дугуй (толь), баруун хажуугийн доод хэсэгт бамбай тус тус урлажээ. Улаан шаргал өнгийн гантиг чулуугаар хийсэн энэ хөшөөний өндөр нь 2.7м, өргөн нь 0.8-0.9, зузаан нь 0.4м юм. Энэ хөшөө эрт булагдсан бололтой сийлбэр нь маш тод байв. Гэхдээ хөшөөний доод хэсэг хугарсан бөгөөд хугархай нь тэр хөшөөнийхөө дэргэд байхгүй учир лав л энэ хөшөөг өөр нэг газраас зөөсөн гэж үзэхэд ташаарал болохгүй биз ээ.

 

Долдугаар буган хөшөө гурав дахь булшны урд хананы орчимд хэвтээ буй бөгөөд хөх саарал өнгийн нарийн ширхэгтэй боржин чулууг засалгүй хийжээ. Нүүрэн талын нь өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд нь гурван том бугыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулж загварчлан дүрслээд багануудын доор хуйтай чинжал хутга сийлжээ. Хөшөөний баруун хажуугийн дээд хэсгээр нэг эгнээ олон жижиг хонхор цохиж гаргасан ба их биенд нь зургаан бугын жижиг дүрсийг хошуугаар дээш хандуулан урлаад доор нь гох, саадагтай нум, мөн хөшөөний доод өнцөгт нэг жижиг бугыг хошуугаар уруу хандуулан дүрсэлжээ. Хөшөөний ар ба зүүн хажууд сийлсэн сийлбэр элэгдэж мэдэгдэхгүй болсон. Хөшөө 3.55м өндөр, 0.7м өргөн, 0.27м зузаан юм.

 

Наймдугаар буган хөшөө дөрөв дэх булшны зүүн хажууд хэвтээ энэ хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд дөрвөн том бугыг хошуугаар өөд харуулж, тэдний зай завсарт гурван жижиг буга, хоёр янгирыг мөн хошуугаар нь өөд харуулж гурван жижиг бугыг хошуугаар нь уруу харуулж дүрсэлснээс гадна энэхүү хавтгайн баруун захад хоёр том ирвэсний амыг ангайлган толгойгоор нь уруу харуулж, хоёр жижиг ирвэсийг хөндлөн байрлуулж урлажээ. Хөшөөний арын өргөн хавтгайд хоёр бугын том дүрс, нэгэн янгирыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан урлаж баруун талын нарийн хавтгайд шовх оройтой бамбай дүрсэлжээ. Бараан саарал өнгийн нарийн ширхэгтэй гантиг чулуун эл хөшөөний өндөр нь 1.9м, өргөн нь 0.95м, зузаан нь 0.32м юм.

 

Есдүгээр буган хөшөө. Дөрөв дэх булшны зүүн хойд хана болон хэрэглэсэн, цагийн эрхээр элэгдэж гагцхүү нүүрэн талын өргөн хавтгайд загварчлан дүрсэлсэн нэгэн бугын биенээс бусад сийлбэр арилжээ. Хөх саарал өнгийн гантиг чулуун энэ хөшөөний өндөр 2.8м, өргөн нь 0.48м, зузаан нь 0.3м юм.

 

Аравдугаар буган хөшөө. Дөрөв дэх булшны баруун хойд хана болгон хэрэглэсэн. Түүний нүүрэн талын өргөн хавтгайд сийлсэн ганц бугын эврээс бусад дүрс нь элэгдэн баларчээ. Хөх саарал өнгийн гантиг чулуун энэ хөшөөний өндөр нь 1.8м, өргөн нь 0.38м, зузаан нь 0.3м.

 

Арван нэгдүгээр буган хөшөө. Тав дахь булшны зүүн хойд өнцөгт босгожээ. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт ганц цацрагтай нар, хоёр адуу, тљв хэсэгт нэг бугыг хошуугаар өөд хандуулж, хоёр бугыг хошуугаар нь уруу харуулж, дээд талын хоёр буганы хооронд үед нь харуулан нэгэн адуу дүрсэлжээ. Хөшөөний зүүн хажуу сийлбэргүй, харин ар талын өргөн хавтгайд дөрвөн бугыг хошуугаар нь уруу харуулан загварчлан дүрсэлжээ. Хөшөөний баруун талын нарийн хавтгайн дунд хэрд шовх оройтой бамбай, доод хэсэгт хоёр адууг хошуугаар хөшөөний орой руу хандуулан урлажээ. Шаргал өнгийн боржин чулууг засалгүй сийлж хийсэн энэ хөшөөний өндөр 1.2м, өргөн нь 0.7м, зузаан нь 0.6м.

 

Арван хоёрдугаар буган хөшөө. Арван нэгдүгээр буган хөшөөний зүүн хойно зэрэгцүүлэн босгожээ. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд хоёр цацраг бүхий нар, дөрвөн бугыг хошуугаар өөд хандуулж баруун хажууд нь дөрөв, зүүн хажууд нь гурван бугыг хошуугаар хөшөөний орой руу хандуулан загварчлан урлажээ. Хөшөөний арын өргөн хавтгайд дээд хэсэгт нар, дунд хэрд дугуй толь, доод хэсэгт хуйтай, бөөрөнхий толгой чичлүүр хутга, их биенд дөрвөн бугыг хошуугаар нь хөшөөний орой руу хандуулан урласан байв. Хөшөө 1.7м өндөр, 0.4м өргөн, 035м зузаан юм.

 

13-22-р буган хөшөөдийг хоёр дахь дөрвөлжин булшны доорх чулуун авсны хана, таг шал хийхэд ашигласан ажээ. Харин 18-р хөшөө (зурагт самбар) өөр чулуун авсны баруун хэсгийг таглаж тавьсан ба гурван тал нь зураггүй зөвхөн нүүрэн талын өргөн хавтгайн голоор хоёр зэрэгцээ нарийн зураас (зам) гарган түүний дээгүүр морь хөтөлсөн гурван хүн, 18 адуу, нэг нохойн зургийг хонхойлгон цохиж урласан нь Монгол болон Төв Азийн нутагт нэлээд элбэг тохиолдох хадны зосон зурагтай төстэй бөгөөд эрдэм шинжилгээний хувьд энэхүү самбар чулуу чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэх хэрэгтэй. Самбар чулуу 1.25м өндөр, 0.55м өргөн, 0.15м зузаан хэмжээтэй. Мөн хоёр дахь булшны хойд хананы зүүн хэсгийг хийсэн 22-р буган хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайд хоёр, ар талын өргөн хавтгайд таван буга дүрсэлсний дөрвийг хос хосоор эврээр зэрэгцүүлэн дүрсэлсэн нь урлагийн зохиомжийн хувьд нэн сонин ажээ.

 

Сийлбэртэй хөшөө. Шивэртийн амны дурсгалуудын баруун хойд хэсэгт нэгэн дөрвөлжин булшны зүүнтэй 14 метрийн зайд 1.6м өндөр, 0.6м өргөн, 0.2м зузаан нэгэн хөшөө чулуу сийлбэртэй бөгөөд нүүрэн талаар нь баруун зүг, булш руу хандуулан босгожээ. Энэхүү хөшөөний нүүрэн талд хувцасны энгэр, бүс, хормогч дүрсэлжээ. Шивэртийн амны эдгээр дурсгалд ийнхүү буган хөшөөг дөрвөлжин булшны хана, түүний доторх авс зэрэгт ашиглан хэрэглэсэн, мөн зам, морь хөтөлсөн хүн зэргийг дүрсэлсэн зурагтай хадаар авсны таг болгон хэрэглэсэн зэрэг нь дөрвөлжин булш, буган хөшөө, зосон зураг, хадны сийлмэл зургийн он цагийг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болох нь тодорхой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0