Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвөөс баруун тийш
18км, Чулуут болон Тээлийн голын бэлчир (Чулуутын голын гүүрнээс Өндөр-Улаан
сум орох замын хойд дэвсэгт)-т энэ дурсгал бий. Эл дурсгал өдгөө болтол
судлаачдын анхааралд төдийлөн өртөөгүй бололтой.
Дэргэдээ эртний тоногдсон байрын булшны хонхортой,
баруун хойшоо хазгайдуу зоогдсон, өндрөөшөө 1.54м, өргөн нь оройгоороо 57см,
дундуураа 30см, доогуураа 45см өргөн бөгөөд бялхмал гаралтай, янз бүрийн
талбай бүхий дөрвөн талт бараан өнгийн энэ буган хөшөөний оройн хэсгээс бусад
дүрслэлүүд тод хадгалагдан үлджээ. Хөшөөн дэх бугуудыг дүрслэхдээ их л уран,
сонгодог арга барилаар бөгтөр сэрвээ, шувуун хошуу, угалзарсан эвэртэйгээр
цоолборлож, тэдгээрийн завсар чөлөөнд, тухайлбал дээгүүр нь (зүүн тал) бамбай
болон (баруун урд тал) согоо, дундуур хавьд (баруун урд тал) чинжал хутга, доогуур
нь бүсийг сийлбэрлэжээ.
Уг буган хөшөөн дэх гол онцлог зүйл гэвэл: Буган
хөшөөдөд бугыг нэгэн дор голдуу дээш нь юм уу доош нь сүүлжүүлж сийлсэн байдаг
бол энэ хөшөөний урагшаа харсан талын бугуудыг цөмийг уруу доош хандуулж урлан
дүрсэлжээ. Ийм дүрслэл бусад буган хөшөөнд нэн ховор тохиолддог гэж хэлж болно.
Хөшөөний баруун урд талын дээд чөлөөнд согоог (бөгтөр сэрвээтэй) дүрсэлсэн нь
үржин олшрохын билэгдлийг хамтатгасан байж ч мэдэх юм.