ХОНГОРЫН ЭЛС

Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд,  элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ.

Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ. Ширүүн салхитай өдөр элсэн шуурга дэгдвэл эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны баазууд 5-17 километр хүртэл алслан байрладаг. Салхигүй нартай өдөр яг л газар нэлийтэл дэлгэн асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс үнэхээрийн үзэсгэлэнтэй. Элсэн манханаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс хавийн заг асар өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг. Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ. Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхараас ч өндөр сүрлэг харагддаг энэ элсэн манханы оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно. Орой дээрээс доошоо харахад бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт харагддаг нь сонин. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог. Хаанаас онгоц гарч ирэх юм бол хэмээн хүлээхэд онгоцны бараа үл үзэгдэх бөгөөд энэ дуу нь элсэн манханы зөөлөн салхины аясаар хийсэх чимээ болохыг мэднэ. Наранд халсан элс салхины аясаар зөөлөн гулсахад энэ чимээ гардаг ажээ. Тийм ч учраас нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ. Өмнүүр нь дүнхийх Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул “хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. 

Сэврэй сумтай хил залгаа Ноён сумын Толь хад, Ноён богд уул, Хатан Сэврэй, Хонгорын элс дөрвийн тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс газар цөлөх болжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр харгалзуулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэгт бутран хагарсны нэг нь Толь хадыг үүсгэсэн гэдэг. Ааштэй хэмээн адалсан ч гэлээ амьдран дассан хатнаа санагалзахдаа ноён тэрхүү Толь хаднаа ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим урдхан талд нь Ноён хэмээ уул болон үлджээ. Харин Сэврэй хатан алс газар цөлөгдөөд байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж, голын эрэг дээр очин гил хар гэзгээ самнан санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хичнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч сааралтан бүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо хийн элсэн манхан болж хувирсан гэдэг.  

Эх сурвалж: Монгол орны лавлах


Хонгорын элс талаарх мэдээ мэдээлэл уншихыг хүсвэл энд дарна уу.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0