Архангай аймгийн Их Тамир сумын төвөөс 10 км-т хойд Тамирын
голын зүүн дэвсэгт нэгэн дөрвөлжин булш буй нь өнцөг бүртээ дөрвөн буган
хөшөөтэй.
Тав дахь буган хөшөө нь булшны зүүн хананд байна. Булшны
голд хоёр том чулуун хавтантай бөгөөд түүнийг тонуулчид ухсан нүхээ далдлах
зорилгоор тавьсан бололтой. Зургадугаар буган хөшөө нь энэ булшнаас 10 м зайд,
долдугаар хөшөө нь уулын энгэр дахь хиргисүүрийн хажууд буй. 8-10 ба 13-р буган
хөшөө нь голын дэнжийн захад оршино. 11, 12-р буган хөшөө нь мөн тэнд байх ба
нэг нь нөгөөгөө тулсан дөрвөлжин хүрээний зүүн хана болсон байна. Эдгээр буган
хөшөөнүүдээс зөвхөн хоёрыг жишээ болгон авч үзье.
Эндэх 13 дугаар буган
хөшөөг оромдож чимэглэсэн бөгөөд ердийн буган хөшөөнд байдаг бүсийг хүртэл
дүрслээгүй байна. Зарим тохиолдолд зэвсэг, нэг талд нь нэг тийшээ хандсан
сумнууд , нөгөө талд нь бугыг дангаар нь дүрслэх маягтай урлажээ. Нэгдүгээр
буган хөшөө нь дүрсэлбэрийн хувьд мөн л муу юм. Хөшөөний өргөн талуудад дугуй
дүрсийг дүрсэлж, харин нэг талд доод хэсэгт нь бугын дүрсийг сийлжээ. Нөгөө
талд нь сүх, сэлэм, хутга, дэгээ зэргийг дүрсэлсэн байв. Хөшөөний өндөр 2.5 м.