Булган аймгийн Хишиг-Өндөр сумын
төвөөс баруун хойно орших 1.2 м өндөр, 0.64-7.5 см өргөн, 0.17 см зузаан энэ
буган хөшөөний зүүн дээд талд цулгуй дугуй (нар), мөн түүний хажууд жижиг дугуй
(сар) зэргийг сийлжээ. Эдгээр нар, сарны дүрсний зүг өлийлгөн нисч байгаа
мэтээр сийлэгдсэн том жижиг таван буга байх бөгөөд гурав дахь бугын нимгэн цавь
үед чиглүүлэн чинжаал хутга цоолборлосон байна. Дээрээсээ хоёр дахь том буга
хоншоороо нар, cap хоёрын хооронд шургуулж, нэг бугын эврийн таван салаа болон
нөгөө бугын дөрвөн салаа эврийг дан зураасаар харуулсан нь дүрслэлийн хувьд
онцлог.
Мөн энэ буганд чих хийсэн атал бусад
буганд хийсэнгүй, бас түүний сэрвээ, урт хөлийг мохоо өнцгөөр төлөөлж, хойд
хөлийг нь огтлон авсан адил огцом таслаж, гуяыг бүтэн гаргасан байна. Хамгийн
өмнө талын бугын сүүл болон гуяыг бодитойгоор гаргасан атал урд хөлийг огт
харуулсангүйгээс гадна хүзүү, гэдсийг дан зураасаар татжээ. Ийнхүү бугын дүрсийг тогтсон
загвараас өвөрмөц чөлөөтэй байдлаар урласныг цохон дурдууштай.
Хөшөөний бүсийг дүрслэхдээ
баруун гар талаас нь хөндлөн хоёр эгнээ зураасаар татаж эхэлснээ, гурав, гурван
цэг нийт зургаан цэг цохиод цааш нь үргэлжлүүлэн дан зураасаар гурвалжин хээ
гаргажээ. Хишиг-Өндөрийн буган хөшөө нь он цагийн хувьд буган хөшөөний нийт
дурсгалын адил Х.Т.Ө VII-III зуунд хамаарагдах юм.