Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс баруун тийш 8км-т, замын хажууд өргөн талуудаараа хойш урагш хандсан нэгэн өндөр хөшөө бий.
Эл хөшөөг хар бараан өнгийн урт чулуугаар оройг нь шувтан
хэлбэр оруулан хийсэн бөгөөд өмнө зүг хандсан өргөн талын гадарга бүхлээрээ
ховхрон унаж ямар ч зураг тэмдэггүй болсон бөгөөд хажууд нь нэг метр орчим урт
хоёр нимгэн хавтгай хэлтэрхий буй. Хөшөөний хойш хандсан өргөн тал зураг
дүрсгүй барсгар гадаргатай, харин нарийн хоёр талд янз бүрийн дүрс, тэмдгүүд
сийлжээ. Үүнд: Хөшөөний зүүн тийш хандсан нарийн талын дээд хэсэгт зэрэгцээ
хоёр нарийн хөндлөн зураас гаргаад түүний дор гурван ташуу богино зураас
зэрэгцүүлэн сийлжээ. Түүний доогуур, буган хөшөөнд байдаг хүзүүний зүүлт хэмээн
үздэг цуварсан дүгрэг хонхор цэгүүдийн үлдэгдэл бололтой хоёр хонхорхойтой.
Тэдгээрийн дор бугын биеийн хэсэг байж болмоор нэлд нь хонхойлгож сийлсэн
нэлээд том дүрс гаргажээ. Түүнээс доош алхан тамга хэлбэртэй жижиг дүрс, түүний
дор амьтны бие гэмээр нэг дүрс, энэ хоёрын хажууд нэг гонзгой дүрс байна.
Эдгээрээс доош хөшөөний нүүрэн талын ихэнх зайг эзлүүлэн нэгэн урт шулуун
илдийг үзүүрээр нь доош хандуулан босоо байдлаар сийлжээ.
Илд нь гарын сарвуу хамгаалах хөндлөн шулуун
чагтан балтагтай, тольтийн үзүүр хоёр булцуутайгаас гадна эргэж махийсан, гарын
гогцоо хэлбэрийн хамгаалалттай. Мэсний дунд хэсэгт, зүүхэд зориулсан хоёр
сэртгэр бүхий гогцоо гаргаснаас үзэхэд уг илдийг хуйтай нь дүрсэлсэн ажээ.
Мэсийн үзүүр хэсгийн хоёр талаас хоёр ташуу сэртгэр гаргасан нь чухам юу болох
нь тодорхойгүй. Илдийн ерөнхий урт 98 см, ишийн урт 22 см.
Илдийн дор угалзалсан эвэртэй, буган хөшөөнд
хийсвэрлэн дүрсэлдэгтэй яг ижил хэлбэртэй боловч маш жижиг нэг бугыг дээш
харуулан сийлжээ. Нөгөө баруун тийш харсан нарийн талын дунд хэрд гөрөөс гэмээр
нэгэн амьтныг дээш хандуулан дүрсэлсэн байх ба түүний доор нь мөн нэг амьтны
биеийн хэсгүүд гэмээр хоёр жижиг дүрс бий. Тэдгээрээс доош нэлээд зайтай, буган
хөшөөнд түгээмэл дүрсэлдэг бугын адил зөрүүлсэн хөлтэй боловч эвэргүй, хоёр
соотон чихтэй амьтныг дүрсэлжээ.
Хөшөөний газраас цухуйсан өндөр 236 см,өргөн 38 см,
зузаан 18-22 см. Энэхүү хөшөө нь, бугын зураг дүрс үгүй боловч буган хөшөөнд
байдаг бусад зүйлс, тухайлбал зэр зэвсэг дүрсэлсэн хөшөөний төрөлд багтах
дурсгал юм. Ийм төрлийн хөшөө Монголын баруун нутгаар тархацтай ба цаг үеийн
хувьд хүрэл, төмрийн түрүү үед холбогдоно.
Урьд нь монгол болон төв Азийн бусад нутгаас олдсон
буган хөшөөдийн дотор чинжаал хутга дүрсэлсэн тохиолдол гарч байснаас бус илд
сэлэм дүрсэлсэн зүйл тохиолдож байгаагүй билээ. Иймд энэ хөшөө манайд анх удаа
олдож буй бас нэгэн нэн үнэт дурсгал болно.