Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын
нутаг Тэмээн чулууны ам (Цагаан голын цутгалангаас нэг км зайтай) гэдэг газар
хойноос урагш цуварсан эртний хэсэг дөрвөлжин булш ажиглагддаг.
Эдгээр
дөрвөлжин булш нь ойролцоогоор 30 орчим бөгөөд тэдгээрийн хашлага чулууг Тэмээн
чулууны амны ойролцоох уулаас авсан саарал боржин чулуун хавтангаар хийжээ.
Чулуун хавтангуудыг булшинд ашиглахдаа засалгүй ирмэгээр нь газарт суулгажээ.
Хашлага чулуу нь харьцангуй өндөр боловч хоорондоо хэмжээний хувьд харилцан
адилгүй. Булшнуудын хашлага чулуунд гурван буган хөшөөг ашиглаж нэг хөшөөний
оройг доош харуулж шигтгэжээ. Буган хөшөө ашигласан эдгээр булшнуудаас гурван
булшийг малтаж шинжилсэн бөгөөд эдгээрээс хоёр нь тоногдсон байв. Гэвч
малталтын үед тэдгээрээс үхэр, хонины яс, түрэг, уйгурын үеийн хээ тамгатай
ваар савны хагархай зэрэг нэлээд зүйл олдсоны дотор гурав дахь булшны нүхний
ёроол буюу том хавтгай чулууны дороос нэг ширхэг морины туурай олдсон байна.
1-р Буган хөшөө. Энэ буган хөшөөгөөр гурав дахь булшны
өмнө талын хашлага чулуу болгосон байв. Хөшөөг 2.2м өндөр, 0.55м өргөн, 0.16м зузаан боржингоор үйлджээ. Нэг өргөн хавтгай тал дээр нь буганы сонгодог
маягийн дүрслэл, 10см өргөн бүслүүр байв. Тахирмаг мухар зураас (зиг заг)
хэлбэрийн шугам бүслүүрт тэгш тал нь сууриараа 12см гурвалжин үүсгэсэн.
Бүслүүрийн доор цагираг хэлбэрийн сэнжтэй хутга, бүслүүрийн дээр таван өнцөгт
бамбай, нум сум, 12см голчтой дугуй дүрс бий. Хөшөөний дээд хэсгийг толгой нь
зүүнээс баруун тийш чиглэсэн бугын дүрсүүд эзэлжээ.
2-р Буган хөшөө. Малталт хийх үед энэ
хөшөө нь нэг дэх хашлага чулууны хажууд хэвтэж байсан агаад анх гурав дахь
хүрээний өмнө хэсэгт байрлаж байсан бололтой. Хөшөөг 2.5м өндөр, 0.5м өргөн,
0.25м зузаан саарал боржингоор үйлджээ. Буган хөшөөн дээрх зураг бүдэг бадаг
боловч нэг талын өргөн хэсэгт бугын дүрс, түүний доор гурвалжин дүрс бүхий
бүслүүр, түүний ар талд таван өнцөгт тортой бамбай зэрэг дүрс ажиглагдана.
3-р Буган хөшөө. Энэ буган хөшөө мөн
булшны хойд талын хашлаганд орой нь доошоо харсан байдалтайгаар байсан. Хөшөө
их элэгдэж эвдэрсэн байх авч буганууд болон гурвалжин дүрс бүхий бүслүүр, ар
(нарийн) талынх нь сараалжин хээтэй бамбай, дүрс ажиглагдана.